✅Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ хилийн хяналтын байгууллагууд, хил орчимд үйл ажиллагаа эрхэлж буй тур оператор компаниудын төлөөлөлтэй ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ хийж, хил орчмын аялал жуулчлалын асуудлаар салбар хоорондын уялдааг хангах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо.
✅Уулзалтад Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Х.Лхагвасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Энхцэцэг, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Б.Сүхболд, Гадаадын иргэн харъяатын газрын дарга Б.Ууганбаяр, Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Оюунчимэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албаны дарга н.Пүрэвсүрэн, Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн газрын дарга Б.Батмөнх, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Монголын Ресторан зоогийн газрын холбооны тэргүүн М.Есөнмөнх болон холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
✅Уулзалтын эхэнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албанаас “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” сэдвээр боомтын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
✅Өнөөдрийн уулзалтаар талууд дараах асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
📍Тухайлбал:
1. Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хилийн боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх,
2. “Хил орчмын аялал жуулчлалын тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлуулах ажлыг эрчимжүүлэх,
3. Хил орчмын аялал жуулчлалд хялбаршуулсан журмаар олгодог үнэмлэх хэрэглэх асуудлыг эцэслэн тохирох,
4. Хил орчмын боомтуудыг холбосон аялал жуулчлалын үндсэн маршрут, чиглэлүүдийг боловсруулан батлах;
5. Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулан хил орчмын аялал жуулчлалын шугамаар орж ирсэн гадаадын жуулчдад зориулан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулан гаргах;
6. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хилийн боомтуудын дэргэд худалдаа, үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар зэргийг нэг дор шийдсэн цогцолбор байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх;
7. 72 цагийн визийн ангиллаар орж ирэх жуулчдыг автомашинтай нь аялуулах боломж олгох эрх зүйн зохицуулалтыг хийх;
8. Хил орчмын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд орж ирсэн жуулчдыг бүрэн хариуцуулах эрх зүйн зохицуулалтыг хийх, бүртгэлийн системийг боловсронгуй болгох, жуулчдад чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээг бий болгох зэрэг асуудалд санал нэгдэв.
Боомтын сэргэлтийн үндэсний хороо
Аялал жуулчлалын хөгжлийн төв