Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын төрийн тэргүүн нарын 2022 оны 11-р сарын 28-ны өдрийн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай” хамтарсан мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны 3 баг Монгол Улсад ажиллав. Уг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хэлэлцэх хоёр талын хамтарсан хурал боллоо.
ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, тэмцэх, газар нутгийг ойжуулах зэргээр экологийн бүтээн байгуулалт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, гангийн нөлөөг багасгаж, аж ахуй, нийгмийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилготой цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулна;
Монгол, Хятадын ойжуулалт хийх замаар экологийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ;
Хятадын тал Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил дээр хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
ОЙ, ЦӨЛЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-Д 10 УДААГИЙН СУРГАЛТАД ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛНА
Дээрх сургалтад оролцох Монголын талын төлөөлөгчийн Монгол, Хятад хоёр Улсын хооронд зорчих зардал болон дамжин өнгөрөх тээврийн зардал, Хятад Улсад байх хугацаан дахь сургалтын зардал, дотуур байрны зардал болон тээврийн зардлыг Хятадын талаас үнэ төлбөргүй хариуцах юм.
Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс Монгол Улсын "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төвийг байгуулах бэлтгэл ажлыг дүгнэх уулзалтын тэмдэглэлийг хоёр тал албажуулж гарын үсэг зурав.
Монголын талаас Монгол Улсын Шадар Сайд, Эдийн засаг, хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо.