Тодруулбал,Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарын хэргийн хамсаатан, мөнгө угаасан хэргийн яллагдагч Ж.Төгсбаяр Унгараас эх орондоо ирсэн. БНСУ-аас П.Болортуяа гэх эмэгтэй Монголдоо ирээд байгаа. 2016-2017 оны үед гарсан хүн амины хэргийн холбогдогчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэхийн тулд тэрбээр мөрдөгчид хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдсэн аж.
Улмаар хил давж зугтсаныг АТГ-ынхан шалгалтынхаа хүрээнд хаана байгааг нь тогтоож, эх оронд нь ирүүлэх ажиллагаа зохион байгуулсан юм. Өнөөдөр 16 дахь өдрөө үргэлжлэх “Хөгжлийн банк”-ны гэх дуулиант хэргийн нэг яллагдагч Б.Баттулгыг бас “Шувуу” ажиллагааны хүрээнд Туркээс эх оронд нь ирүүлээд буй. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, “Монгол мах экспо”, “Монгол эмимпекс концерн”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, НВЦ, “Бэрэн групп” ХХК-д зээл олгоход дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгагдсан ч мөрдөн байцаалтын явцад хил давж явсан юм.
“Шувуу” ажиллагаагаар эх орондоо ирсэн хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн асан, “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбатын нэр багтсан байна. Тэрбээр БНСУ-аас ирээд удалгүй АТГ-т очиж мэдүүлэг өгсөн бөгөөд прокурор түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсгийн “улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан”, 22.10-ын “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх зүйл ангид зааснаар яллагдагчаар тооцсон билээ.