Мэдээ 2022-10-12
Монгол Улсын Ерөнхий сайдын Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийх айлчлал 2022 оны аравдугаар сарын 12- 16-нд үргэлжилнэ.
Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Розенберг нар үдлээ.