381
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Хоа Бинь мужийн Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркад ажиллалаа
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хоа Бинь мужийн Лыөнг Сөн аж үйлдвэрийн паркад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
БНСВУ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамнаас тус улсын 63 засаг захиргааны мужийн 61 муж, хотод 563 аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2023 оны байдлаар 397 аж үйлдвэрийн парк байгуулагдсан байна.
Хоа Бинь мужид 8 аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд 2 аж үйлдвэрийн парк үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
“Лыөнг Сөн” аж үйлдвэрийн парк нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Хоа Бинь мужид 230 га талбай газрыг хамарч байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, барилгын материал, нарны цахилгаан хавтан угсралт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийг дэмжих зорилготой парк юм.
Лыөнг Сөн аж үйлдвэрийн парк нь байгуулагдсанаасаа хойш нийт 300 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Япон, Солонгос, Энэтхэгийн 30 орчим аж ахуй нэгжүүдээс татжээ.