914
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэх шаардлагатай
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулга уулзалт” 2023 оны 09 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд болж байна.
Чуулга уулзалтаар залуу офицерууд идэвх санаачилга, үзэл бодол, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа өөрсдөө тодорхойлж, мэдлэг, туршлагаа солилцлоо. Мөн нийгмийн асуудал, манлайлал, хөгжлийн талаарх социологийн судалгааны дүн, эрдэм шинжилгээний хурал болон дэд чуулганаас гарсан санал, дүгнэлтээ хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцон, залуу офицеруудад баяр хүргэж үг хэлэв.
Тэрбээр залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байх ёстой гэж үздэгээ тэмдэглэв. Мөн удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байгааг удирдах бүрэлдэхүүнд анхаарууллаа.
Залуу офицерууд шинжлэх ухаан, технологи, мэргэжлийн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж байхыг захиж, тэдний хүсэл мөрөөдөл, санал санаачилга, хөгжил дэвшлийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа хэлэв.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 24-26-ны өдөр Дотоод хэргийн их сургууль болон Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төв, Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвд болсон байна.
Тэмцээнд 10 байгууллагын 80 офицер оролцож, цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах болон багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр өрсөлджээ.