628
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд зочиллоо
Нэгдсэн үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын байранд анх удаа зочилж, НҮБ-ын хамт олонтой уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра угтав. НҮБ-ын хамт олны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхтэй холбогдуулан нээсэн НҮБ-ын хүндэт зочны дэвтэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гарын үсгээ зурлаа.
НҮБ-ын хамт олонд хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, “НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш” хэмээн онцоллоо.
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан шинэчлэлийн бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд НҮБ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.