360
“Монголын нууц товчоон”-ыг дэлгэрэнгүй тайлбартайгаар бүтээлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо.
Ерөнхийлөгч номын нээлтийн ёслолд оролцон, Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, “Монголын нууц товчоон” судлалын түүхэнд өндөр үнэлэгдэх бүтээл туурвисан эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлэв.
Энэ бүтээл Чингис хаан болон түүний залгамжлагчдын бүтээсэн түүх, их өвийг алдаршуулан мөнхжүүлж, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа онцлов.
Мөн түүхт энэ өдрийг тохиолдуулан их хааны насан туршдаа баримталж явсан зарчим, хөвгүүд, охид, шадар түшмэд, цэргийн жанждаас эхлээд ард иргэддээ бие, хэл, сэтгэлээ хэрхэн авч явах, төр улсаа хэрхэн засах зэргийг зааж сургасан билиг сургаалыг сурвалжлан эмхэтгэсэн “Чингис хааны билиг сургаал” бүтээлийг ард түмэндээ өргөн барьж байгааг хэлэв.
Их Эзэн хааны билиг сургаалыг монголчууд бид үеийн үедээ ёс суртахуун, ажил, амьдралын мөрдлөг болгон дээдэлж явах учиртайг тэмдэглэв.