Шинэ сэргэлтийн бодлого - Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “НОГООН ХӨГЖИЛ” салбар хуралдааны модератор хийв. Тус хуралдааны панелистээр ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, УАӨСХАШУ-ны зөвлөх, доктор З.Батжаргал, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга М.Хуягбаатар нар ажиллалаа.
Салбар хуралдаан дараах асуудлын хүрээнд өрнөлөө.
- Эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн түвшин болон Алсын хараа 2050 бодлогын хүрэх түвшин хооронд хэр зөрүү болон зөрүүг арилгах боломжийн тухай;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах чиглэл, уг зорилтыг хэрэгжүүлэх, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах хүрээнд ямар дэмжлэг үзүүлэх талаар;
- Монгол Улсад карбон кредитын механизмыг ялангуяа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрхэн ашиглах тухай;
- Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын "Ногоон хөгжил" бүлгийн байгаль орчны бодлогод суурилан Арвайхээр хотын хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой ямар арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийн тухай;
- Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах 3R цогц менежментийг хэрэгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хот суурин газрууд хог хаягдлын зориулалтын байгууламжтай болох чиглэлээр Арвайхээр сумын хэмжээнд баримталж буй бодлого;
- Уур амьсгалын өөрчлөлт, уламжлалт мал аж ахуй, уул уурхай гурвыг хэрхэн тэнцвэржүүлэх нь чухал гэж үздэг вэ? Баянхонгор аймгийн хувьд нутгийн иргэд, уул уурхайн хоорондын зөрчил маргааны тухай;
- Булган аймагт тусгай хамгаалалтад авсан газар хэр их байдаг вэ? Газрыг ийнхүү тусгай хамгаалалтад авснаар анхдагч байгалийн унаган төрх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалахад нөлөөлж байгаа эсэх;
- Хөвсгөл аймгийн хувьд зэргэлдээ аймгуудтайгаа хамтран шийдвэрлэх шаардлагатай байгаль орчны асуудлын тухай нээлттэй хэлэлцлээ.
Цаашид байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, байгалийн анхдагч нөөцийн хамгааллыг үр дүнтэй хэрэгжүүлэн, зохистой ашиглалтыг төлөвшүүлж, байгальд зохицон амьдарч ирсэн соёл уламжлалдаа тулгуурлан доройтсон ой, хөрс, бэлчээрийг нөхөн сэргээж, байгалийн үр өгөөжийг нэмэгдүүлж, орчны бохирдлыг бууруулж, хаягдалгүй, ногоон эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэнээр байгаль орчны бодлогын зорилт хангагдаж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх юм.
Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд оролцлоо. Мөн энэ үед үндэсний судалгааны нэгдсэн платформыг www.sudalgaa.gov.mn нээлээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгааны сан үүгээр бүрдэж, олон нийтэд нээлттэй болж байна. Тус платформыг эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид, оюутан сурагч, бизнес эрхлэгч хэн бүхэн ашиглах, санал сэтгэгдлээ үлдээж бусадтай хуваалцах боломжтой боллоо.