Цахим шилжилтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дуусжээ. Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүйгээр шууд нэвтэрдэг боллоо.
Урьд нь төлбөр авах цэгээр нэвтрэхэд нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулдаг байснаас үүдэн ачаалал ихтэй үед урт дараалал, түгжрэл үүсэн иргэдийг багагүй бухимдуулдаг байсан.
Тэгвэл одооноос эхлэн тухайн тээврийн хэрэгслийг хүний оролцоогүйгээр тусгай камер болон RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээх болсноор энэ асуудал бүрэн шийдэгдэж байна.
Өөрөөр хэлбэл товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэхэмжлэх илгээгдэх бөгөөд тэрхүү холбоосоор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой.
Түүнээс гадна ROADPAY.MN болон SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлөх боломж ч танд нээлттэй.
Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь И-Баримт аппликешний ХЯЛБАР БҮРТГЭЛ гэсэн хэсэгт өөрийн тээврийн хэрэгслийг бүртгүүлснээр байнга дээр дурдсан холбоосоор орж төлбөр төлөхгүйгээр НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо суутгуулах боломж ч бүрдээд байна. Энэхүү бүртгэлд өдгөө 191 мянган иргэн тээврийн хэрэгслээ бүртгүүлээд байгаа ажээ.
Цаашид зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй бөгөөд оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг тавих юм.
Авто зам ашигласны төлбөр нь орон нутгийн болон олон улсын чанартай замын засвар арчилгаа, эвдрэлийг цаг алдалгүй засахад зарцуулагддаг бөгөөд дэлхийн бусад улсуудтай харьцуулахад манайд энэ төрлийн төлбөр харьцангуй хямд буюу зам арчлалтын нийт төсвийн 15-20 хувьд ч хүрдэггүй байна.
Төлбөр авах цэгүүдийг ийнхүү бүрэн цахимжуулснаар хүн хүч, урсгал зардалд зарцуулдаг зардал 50###/span#< буурна. Замд тавих хяналт сайжран, зам ашигласны төлбөрийн орлого нэмэгдэж, тэр хэрээр зам засварт зарцуулагдах хөрөнгийн хэмжээ өснө. Түүнээс гадна тээврийн хэрэгслүүд үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах эерэг үр нөлөөтэй юм.
Эхний ээлжинд нийслэл орчмын товчоодыг ийнхүү цахимжуулсан бол цаашид үе шаттайгаар улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна.