Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийн мэдээллийг 7787-7768 дугаарын утсаар авахаа цахим хуудастаа зарласан.
Тус дугаарын утсаар аравдугаар сарын 20-ны өдрөөс хойш иргэн, ААН-ээс найман гомдол ирсэн байна. Тухайлбал, 8069 дугаараас БНХАУ-ын иргэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн н.Одхүүтэй хамтран барилга барихаар 2013 онд гэрээ байгуулаад залилуулсан гэх гомдол,
Мөн Дорноговь аймгийн Зам-Үүдээс нүүрс тээвэрлэдэг С компани 2017 онд УБТЗ-ын эзэмшил газрыг түрээслэх гэрээ байгуулж улмаар УБТЗ үндэслэлгүйгээр газрын түрээсийг нэмэгдүүлж үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулсан тухай,
8878 дугаараас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ч.Энхтайван тус компанийн 50 хувийг эзэмших зорилгоор дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагаанд нь саад хийж байгаа талаар,
8087 дугаараас “Тоёоко инн”зочид буудлын эзэн, гадаад улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол мэдээлэл иржээ.
Эдгээр гомдлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэсэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.