Өнөөдөр /2022.11.02/ хуралдсан Засгийн газрын хурлаар “Эрдэнэс тавантолгой” ХК-нд тогтоосон онцгой дэглэмийн явц байдлыг хэлэлцсэн байгаа юм. Энэ талаар Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийсэн юм.
Тэрээр, “Намайг ажил авахад “Эрдэнэс Тавантолгой” ХК 200-300 орчим тээврийн хэрэгсэл 20-30 мянган тонн нүүрс экспортолж байсан. Би очиж ажиллаад 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг гаргалаа. 500 сая долларыг Монгол Улс руу оруулж ирэхэд хамгийн багадаа өдөрт 84 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаанхад руу тээвэрлэн цаашаа экспортлох шаардлагатай. Сардаа 2.5 сая тонн нүүрс гаргаж байж 500 сая доллар оруулж ирэх юм. Ингэснээр Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлэх юм.
Оффтейк нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Нэг нь маш нууцын зэрэглэлтэй, өөр нэг нь нууцын зэрэглэлтэй байгаа юм. Засгийн газраас энэ гэрээг ил болгох үүрэг өгсөн. Харилцах хүмүүсээс зөвшөөрөл авч байж ил болгоно. Би аравдугаар сарын 26-нд томилогдсон. Гэтэл өмнөх өдөр буюу аравдугаар сарын 25-нд 70 тэрбум төгрөгийн гэрээг нэг компанитай байгуулсан байна. Урьдчилгаа төлбөр гэж 20 тэрбумын гүйлгээ хийлгэхээр над дээр оруулж ирсэн.
Үүнийг тодруулж үзэхэд барьцаагүй, баталгаагүй хувийн хэвшилд өгөх гэж байсан.
Үүнтэй холбогдуулан санхүүгийн албаны дарга, зохион байгуулсан худалдан авалтын дарга, ерөнхий нягтлан, уул уурхайн газрын дарга, дотоод хяналтын газрын дарга нарын хүмүүсийг чөлөөлж, АТГ-т шалгуулахаар өгсөн. Төрийн өмч эрсдэлд орох ёсгүй” гэсэн юм.