"Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.11.08/ мэдээлэл хийлээ.
Ж.Ганбат : "Миний хувьд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдоод хоёр долоо хоног болж байна. "Эрдэнэс Тавантолгой" компани нээлттэй, ил тод болох ёстой. Тиймээс цахим хуудаснаа уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож өгч байна. Эндээс ямар компани хэчнээн тээврийн хэрэгслээр он, сар, өдрөөр нь хэчнээн тонн нүүрс ачиж байна вэ гэдгийг харж болно.
Өнөөдрийн байдлаар 30.497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр ачаад байна. Ачилтын компанийн мэдээлэл хаалттай байсан. Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч нүүрс тээвэрлэж байна. Оффтек гэрээ гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлдэг. Энэ гэрээ "Эрдэнэс Тавантолгой" компанид дөрөв бий.
Гэхдээ гэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богд хаан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл санхүүжүүлэх байдлаар нүүрсээ худалдан борлуулах нөхцөлтэйгөөр урьдчилж мөнгөө авсан байгаа. Энэ хүрээнд Засгийн газар шийдвэр гаргаж, энэ дөрвөн төсөл дээр оффтек гэрээ байгуулсан.