"No war" хөдөлгөөний таван иргэнд үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж тэдгээр таван иргэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
Тодруулбал, иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн.
Уг асуудлаар нь МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг. Хуулийн байгууллага шалгаад гүтгэлэг байсныг нь тогтоосон байна.
Уг гомдлын талаар анхан шатны шүүхээс шийдвэр гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, шүүхийн шийдвэр гарсан.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МАН нь NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно.
Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ” хэмээн тайлбарлажээ.