Ирэх долоо хоногт Индонезын Бали аралд болох Их 20-ын бүлгийн чуулганы үеэр АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд нүүр тулж уулзахаар болсныг Цагаан ордон өчигдөр мэдээллээ.
Уулзалт Даваа гарагт товлогдсон ба Жо Байден ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа Ши Жиньпинтэй биечлэн уулзах гэж байна.
Байденыг ерөнхийлөгч болохоос өмнө тэд уулзаж байсан юм. Харин ерөнхийлөгч болсноос нь хойш ганц ч удаа нүүр тулж уулзаагүй бөгөөд хэд хэдэн удаа утсаар ярьж байжээ.
“Удирдагч нар харилцаа холбоогоо хадгалах, гүнзгийрүүлэх хүчин чармайлтын талаар хэлэлцэж, өрсөлдөөнийг хэрхэн хариуцлагатай зохицуулах, ашиг сонирхол давхцаж байгаа салбарт хэрхэн хамтран ажиллах, ялангуяа үндэстэн дамнасан сорилт бэрхшээлүүдийг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар ярилцана” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгдсэн байна.
Цагаан ордны өөр нэг албаны эх сурвалж “Ерөнхийлөгч хоёр улсын харилцаа холбоог сайжруулж, хоорондын өрсөлдөөнийг зохицуулах дүрэм журам байх нь чухал гэж үзэж байгаа. Үүнээс гадна Тайванийн хоолойн энх тайван байдалд учруулж буй БНХАУ-ын аюул занал, хүний эрхийн зөрчил зэрэг бидний санааг зовоосон асуудлуудаар ерөнхийлөгч илэн далангүй ярилцана гэдэгт бид найдаж байна” гэж мэдэгджээ.
Хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтын асар том харилцан хамааралтай ч ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт цэрэг зэвсгийн болон дипломат нөлөөгөө хадгалахын төлөө ширүүн өрсөлддөг.
Лхагва гарагт хэлсэн үгэндээ Жо Байден “мөргөлдөөнийг биш, өрсөлдөөнийг хүсэж байгаа”-гаа Ши Жиньпинд тодорхой илэрхийлсэн юм.
Энэ үеэр тэр бас АНУ-ын Тайванийн талаар байр суурь эхнээсээ өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүйг мэдэгдэж байв.
Байден, Ши нарын хэлэлцэх асуудлын жагсаалтад Умард Солонгосын зэр зэвсгийн туршилт, Зүүн Азийн орнуудад учруулж буй аюул заналын асуудал багтсан байна.
Тодруулбал уулзалтын үеэр Ким Жон Унд шахалт үзүүлж, хэлэлцээрийн ширээний ард суулгахыг Вашингтон Бээжингээс хүсэх нь тодорхой байгаа. Лхагва гарагт хэлсэн үгэндээ Байден “хоёр улсын үндэсний ашиг сонирхол хаана давхцаж, хаана зөрчилдөж байгааг тогтоох улаан шугам”-ыг хэлэлцэж, зөрчилтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байв.
Эх сурвалж: Associated Press