Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 49 секунд

“Өглөө нь үрээ үнсээд гарсан залуус ажлын байран дээрээ амиа алдаж байна. Бид хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарах цаг болсон“

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын хоёр ажилтан ажлаа хийж яваад амиа алдсан ноцтой ослын талаар талийгаачдын ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд 2022 оны аравдугаар сарын 31-ний өдөр Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт болсон ослын талаар үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор ийнхүү мэдээлэл хийж байгаагаа онцолсон бөгөөд тус газарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангадаггүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдаж байгааг төр засаг анхаарах шаардлагатайг санууллаа.

Талийгаач И-ийн ар гэрийн төлөөлөл “Тэр өдрийн өглөө ажилдаа явсан хүргэн дүү минь хань ижил, үр хүүхдэдээ хэзээ ч буцаж ирэхгүйгээр явсанд бид харамсаж, гашуудаад барахгүй, асар хүнд сэтгэлийн зовлон туулж байна.

Гэтэл ийм үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдаж байгаа тул тайлбар өгөхөөр ирээд байна. Тодруулбал, бохирын шугам байсныг дулааны шугам мэтээр мэдээлснээс эхлээд зөрүүтэй ойлголт нийгэмд өгсөнд харамсаж байна. Гэтэл ОСНААУГ-аас ар гэрийнхэнд нь ямар нэг мэдээлэл, тайлбар өгөөгүй. Хэрэг хяналтын шатандаа байна.

Гэхдээ гэр бүлийн зүгээс тухайн байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангаагүй гэж хардаж байгаа. Энэ байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлаа мөрддөггүй байж болохыг харуулсан зураг бидэнд бий.

Тодруулбал, талийгаач маань өнгөрсөн долдугаар сард мөн ажлаа хийж байхдаа осолд өртсөн. Тэр үед газар бутлагч төхөөрөмжтэй ажиллах байх явцдаа 380 вольтын хүчтэй цахилгаанд цохиулж, түлэгдсэн. Энэ нь тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнөөс болж буюу хамгаалах хэрэгслээр хангагдаагүйн улмаас гэмтэл үүссэн юм. Гэтэл дүүд минь ОСНААУГ-аас 10 хоногийн агт олгоод, цалинг нь ч бодоогүй үүнийг нуун дарагдуулсан бөгөөд эмчилгээ үйлчилгээнд нь ч анхаараагүй" гэлээ.

Талийгаач М-ийн үеэл ах “Тухайн өдөр болсон осолтой холбоотойгоор ар гэрийнхэн нь одоо хүртэл шокоосоо гараагүй, хүнд байдалд байгаа. Гэтэл ажлаа хийж явсан талийгаач нарын маань буруу байсан мэтээр зарим хэвлэл мэдээлсэн. Тодруулбал, талийгаачдыг зөвшөөрөлгүй ухсан нүх рүү өөрсдөө орж, амь нас нь хохирсон мэтээр ташаа мэдээлсэн.

Ингэж мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага боломжтой бол мэдээлэл өгсөн албаны эх сурвалжаа ил тод болгож өгөхийг хүсье. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь гараагүй, шалгагдаж байхад үйлдвэрлэлийн осол гарсан болгож, агуулгын хувьд ташаа ойлголт нийгэмд цацсанд нь гомдолтой байна. Шүүх, прокурор ажлаа хийж явсан хоёр залуу амь насаа алдсан хэргийг зөв үнэн шударгаар ажиллана гэж итгэж байгаа" гэлээ.

Мөн талийгаачдын гэрийнхний зүгээс ОСНААУГ-т маш гомдолтой байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ тухай ярихдаа "Тухайн үед ослын улмаас амиа алдсан хоёр залуу нь ОСНААУГ-тай албан ёсны хөдөлмөрийн гэрээтэй, үндсэн ажилтан нь байсан. Тухайн өдөр өглөөний шуурхай хурлаар ажлын төлөвлөгөөтэйгөө танилцан бохир шугамын ажил руу инженерээрээ ахлуулсан баг ажиллахаар гарсан байдаг. Бидний зүгээс хууль хяналтын байгууллагад хандаж хэргийн нэн бодит байдлыг тогтоолгох, хэрэгт холбогдолтой байгууллага, удирдах албан тушаалтнуудад хуулийн хүрээнд шударгаар хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.

Түүнчлэн хууль, журам ,стандартаа мөрддөг олон байгууллага байгаа ч тэр дундаас зарим нь хөдөлмөр хамгааллын мэргэжлийн хүн байхгүйгээс гадна ажилчдаа стандарт, шаардлагад нийцсэн хувийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, ажлын байрны аюулгүй байдлыг хангаагүйгээс болж хайран залуус амь насаараа хохирч эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болох асуудал гарсаар байгаад төр засаг тоохгүй байгааг онцлоод уг асуудалд анхаарч, хяналт тавихыг ХНХ-ын сайд Т.Аюурсайхан болон ХНХЯ-ны холбогдох албан тушаалтнуудаас шаардлаа.

Энэ талаар талийгаачдын ар гэрийнхэн "Ер нь зөвхөн энэ гэлтгүй барилга зэрэг бусад салбарт ажилладаг хүмүүс гэмтэж бэртсэн тохиолдол олон гардаг. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зүйл нийгмийн хамгийн том асуудал болоод байгааг нийтээр анхаарах ёстой.

Өглөө үрээ үнсэж, эхнэрээ тэврээд ажилдаа гарсан залуу дахиж хэзээ ч ирэхгүйгээр явна гэдэг бол маш том асуудал. Ажлын байрны ослын талаар харамсмаар мэдээллүүд олон гарахад сенсаацлаад өнгөрдгөөс биш тухайн асуудалд нь төр засаг, байгууллагууд хэрхэн анхаарч, үйл ажиллагаагаа сайжруулж байгаа талаараа ямар ч мэдээлэл өгдөггүй.

Бидний үүрээд байгаа ийм хэцүү асуудал өөр гэр бүлд битгий тохиолдоосой гэсэндээ ийнхүү хэвлэлийн хурал хийлээ” гэлээ.

May be an image of 5 people, people standing, people sitting and indoor

Жо Байден: Илон Маск гадаад улс орнуудтай ямар харилцаатайг шалгах шаардлагатай
Жо Байден: Илон Маск гадаад улс орнуудтай ямар харилцаатайг шалгах шаардлагатай
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.