Засгийн газрын бүх нэгжээр дамжиж иргэд, аж ахуйн нэгжүүдээс жилдээ 1.2 сая гаруй санал, хүсэлт, гомдол ирдэг. Дийлэнх хувь нь төрийн байгууллагын хүнд суртал, хариуцлагагүй байдлын талаарх санал, гомдол эзэлж байна.
Иймд шинээр байгуулж буй дотоод хяналт шалгалтын байгууллага 2023.01.01-нээс эхлэн энэхүү алдаа дутагдлуудыг засах ажлыг бодитоор эхлүүлнэ.
Тодруулбал, Засгийн газраас гарч буй шийдвэрүүд төрийн байгууллагуудад бүрэн хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагад анхаарлаа хандуулж ажиллана.
Ингэснээр төрийн алба цомхон бөгөөд чадварлаг бүтэцтэй болж, төрийн үйлчилгээ иргэндээ хүрч чаддаг, давхардал, хийдэлгүй болох боломж бүрдэж байна. Үр дүн нь төрийн байгууллагад хариуцлага “эзэнжих” юм.