"НОМИН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР БУСАД ДЭЛГҮҮРТЭЙ МАНАЙХААС ХЯМД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ"
ШӨХТГ-аас цаг үеийн асуудал болоод сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Номин" сүлжээ дэлгүүрийн талаарх ноцтой баримтуудыг дэлгэв.
"Номин" супермаркет хямд үнийг тогтооно гэсэн уриагаар маркетинг хийдэг. Тодруулбал, "Бусад дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн манайхаас хямд байвал зөрүүг олгоно" гэх маркетингаар хэрэглэгчдийг татдаг хэдий ч бодит байдал дээрээ дангаар монополь тогтоож, бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараагаа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийдэг нь ил болов.
Энэ талаарх мэдээллийг нэгэн иргэн ШӨХТГ-т ирүүлсэн байна. Тэрээр, Оргил супермаркетад 3650 гэж байсан ундаа Номин сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг тус дэлгүүрт хүргүүлсэн байна. Гэтэл Номин дэлгүүрийн зүгээс Оргил худалдааны төв рүү холбогдож тэдний үнийг өсгөсөн байна. Номин бусад дэлгүүрийн доод үнийг тогтоодог асуудлыг ШӨХТГ-аас шалгаж зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулсан бөгөөд тус дэлгүүрээр дамжсан барааны үнэ цаашлаад 30 хувь нэмэгдэх гэрээтэй байдаг аж.
Ингээд ШӨХТГ-аас тус асуудлаар хяналт шалгалт хийж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх орны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,9 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.