Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 58 секунд

Жюү жицүгийн ДАШТ-д оролцсон өсвөрийн тамирчид 30 гаруй медальтай эх орондоо ирлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жюү жицүгийн таван төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) энэ сарын 11-19-нд болж байна.

Тодруулбал, өсвөрийн, пара, мастерсын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн наадам болж байгаа юм.

Үүнд улсаа төлөөлөн 100 гаруй тамирчин оролцож байгаагаас өсвөр насны тамирчид амжилт дүүрэн байж, 30 гаруй медальтайгаар Улаанбаатарт өнөөдөр газардлаа. Тэмцээнд Ид шидийн орон дахь "Magic-13", "Өнөр бүл" хүүхдийн төвийн "Almightly", "Баялаг", "Говь пантера", "Unique" зэрэг олон клубийн тамирчид оролцов.

Тэднийг Монголын Жюү Жицүгийн холбоо, клубийнх нь тамирчид, гэр бүлийнхэн нь угтан авсан юм.

Тамирчдын сэтгэгдлийг хүргэе.

Ц.Чинзоригт: Жюү Жицүгийн 2023 оны ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрх авсан

Мөнгөн медаль хүртсэн Архангайн тамирчин У.Энхмэнд "Би 52 кг-ын жинд саарал бүсний ангилалд оролцож, мөнгөн медаль авлаа. Их баяртай байна. Бүсний ангиллын тухайд, тамирчид цагаан бүснээс эхэлдэг. Цагаан бүснийхээ зэргийг дуусгавал саарал, саарлын зэргээ дүүргэвэл шар гэх мэтчилэнгээр ангилалд өгсдөг. Хамгийн дээд ангилал нь хар бүс" гэв.

Жюү Жицүгийн спортоор хичээллэхэд нас харгалзахгүй бөгөөд нь биеийг уян хатан болгодог байна. Суугаа ажил эрхэлдэг хүмүүс уг спортыг сонирхон хичээллэх нь сүүлийн үед эрс нэмэгджээ.

Монголын Жюү Жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Чинзоригт "Энэ спорт 15 жил хөгжиж байгаа. Одоогоор 15 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа. Орон нутагт үйл ажиллагаа маань тэлсээр байна. Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгуудад клуб нээгдсэн. МУБИС-д JUMP хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд сургуулиа төгсөөд багш дасгалжуулагч болоод, аймаг орон нутагтаа спортыг хөгжүүлэхээр зорино.

Онцолж хэлэхэд, 2023 онд бид эх орондоо ДАШТ зохион байгуулах эрхийг авсан. Ирэх жил 100 гаруй улсын тамирчид Монгол Улсад ирнэ" гэлээ.

Архангай аймгийн тамирчид М.Гүндэгмаа "70 кг-ын жинд оролцсон. Цагаан бүсийн ангилалд оролцож, дэлхийн аварга боллоо. Сэтгэгдэл гайхалтай сайхан байна. Жюү жицүгээр жил гаруйн хугацаанд хичээллэж байна. Энэ спортоор хичээллэснээр бусдыг хүндлэхэд суралцаж, олон найз нөхөдтэй болж байгаа" гэв.

Тэмцээний үеэр онцлох нэг үйл явдал болсон нь цагаан бүсний ангилалд -37 кг-ын жинд оролцсон Н.Одбаатар, А.Алтанбагана нар хүрэл медалийн төлөөх барилдаанд тунаж үлдсэн явдал байлаа.

"Манай төвийн хүүхдүүд жюү жицүгээр хичээллэснээр өөртөө болон ирээдүйдээ илүү итгэлтэй болж байгаа"

Тэд "Өнөр бүл" хүүхдийн төв дэх Glmightly клубийн тамирчид юм. Н.Одбаатар "Нэг багийнхаа найзтай тунаж үлдэхдээ яана даа, яагаад таарчихваа л гэж бодсон. Гэхдээ медалийн төлөө эр зоригтой барилдъя гэж шийдсэн. Медалийн тавцанд зогсох сайхан байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

зураг

"Өнөр бүл" хүүхдийн төвд жилийн гаруйн өмнөөс жюү жицүгийн клубийг байгуулжээ. Энэ талаар тус төвийн захирал М.Өнөрчимэг "Ододтой бүжиглэе шоуны ялагч Д.Баттөр шагналаа манай хүүхдүүдэд зориулж Жюү жицүгийн клуб байгуулж өгсөн. Үүнд НҮБ-ын Хүүхдийн сан мөн дэмжлэг үзүүлсэн юм.

Одоогоор 30 орчим хүүхэд дугуйланд суралцаж байна. Энэ спортоор хичээллэснээр манай хүүхдүүд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэл нь нэмэгдэж, бие бялдраа хөгжүүлж, тэсвэр хатуужилтай болон хүмүүжиж байгаад баяртай байна. Хүүхдүүд маань олон найз нөхөдтэй болж, олон газраар явж юм үзэж, нүд тайлж байна" гэлээ.

М.Урангоо: Тэмцээндээ орохоор нисэж явахдаа "Би олон хүний итгэл дааж яваа шүү" гэж бодогдож байсан

зураг

ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн М.Урангоотой цөөн хором ярилцлаа.

- Өндөр амжилт гаргасанд баяр хүргэе. Ямар клубт хичээллэдэг вэ?

- Би Өмнөговь аймгийн "Говь пантера" клубт хичээллэдэг. ДАШТ-д оролцоод мөнгөн медалийн эзэн боллоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хичээллэж байгаа. Тэмцээндээ сүүлийн нэг сар эрчимтэй бэлдсэн.

- Пара ангилалд оролцохоор байсан ч энгийн ангилалд оролцож, энэ өндөр амжилтыг үзүүлсэн гэж сонссон. Өрсөлдөхөд бэрхшээлтэй зүйл байв уу?

- Надад бэрхшээл байгаагүй. Учир нь бэлтгэл дээр энгийн хүүхдүүдтэй барилддаг болохоор сурчихсан.

- Чиний хувьд энэ спортын онцлог нь юу вэ. Яагаад онцолж хичээллэдэг вэ?

- Охид хичээллэвэл илүү тохиромжтой санагддаг. Энэ бол уян хатны урлаг. Хүч бяраар бус мэх, техникээр л барилддаг.

- Гадаад улсад оролцож буй анхны тэмцээн байв уу?

- Тийм, миний анхны тэмцээн. Тиймээс их сониуч байлаа. Ихээхэн туршлага хуримтлуулсан. Улсаа төлөөлж гадаадад тэмцээнд ороход хариуцлага их нэмэгдсэн мэдрэмж төрсөн. Тэмцээндээ орохоор нисэж явахдаа "Би олон хүний итгэл дааж яваа шүү" гэж бодогдож байсан.

May be an image of 7 people, people standing and indoor

May be an image of 10 people and people standing

May be an image of 7 people, people standing and indoor

May be an image of 1 person, standing and indoor

Нутгийн төв, хойд хэсэгт цасаар шуурч, зам даваа хаагдаж болзошгүйг АНХААРУУЛАВ!
Нутгийн төв, хойд хэсэгт цасаар шуурч, зам даваа хаагдаж болзошгүйг АНХААРУУЛАВ!
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.