УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Газрын ерөнхий хуулийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус хуультай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Газартай холбоогүй нэг ч хүн, амьтан, ургамал байхгүй. 2002 онд Иргэний хуулийг батлахдаа зэрэгцүүлээд Газрын хуулийг зөрүүтэй байдлаар гаргасан. Өөрөөр хэлбэл, алдаатай хууль гаргасныг суурь судалгааны дүгнэлтүүд нотолж байна. Түгжирсэн Улаанбаатар, бэлчээр, тариалангийн талбайгаа булаацалдаж байгаа малчдыг хар. Дуртай газраа шороо ухаж байгаа хүмүүсээ харахад болно. Тэгэхээр энэ хуулийг зөвтгөх шаардлагатай.
Газар хувьчлалын ажлыг хийгээд 20 жил болсон байна. Украины асуудлыг бүгд мэдэж байгаа. Олон улсын эрдэмтэд тус улсыг газар хувьчлалаа буруу хийсэн гэж үзэж байгаа юм билээ. Баялгийн тэгш бус байдлыг бий болгосон газар хувьчлал хийсэн. Маш цөөхөн хүмүүс газартай болж, дийлэнх нь газаргүй болсон. Үүнээс улбаалаад баян, хоосны ялгаа нийгмийн шударга бус, анги давхаргын ялгаа бий болсон. Иргэний дайн, дотоод тэмцэл, авлигын асуудал руу орсон. Газрын асуудал дээр буруу шийдвэр гаргавал юунд хүргэж болох вэ гэдгийг бид харж байна. Энэ жишээ давтагдах эрсдэл бий.
Мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс өнгөрсөн 20 жилийн хугацаанд уулыг ам амаар нь авсан. Олон иргэн газар авъя гээд өргөдөл өгөөд авч чаддаггүй. Заавал гарыг нь хүндрүүлж байж авдаг систем бий болсон. Сургууль, цэцэрлэгийн бүх газруудыг захирлууд нь ах дүү нарынхаа нэр дээр аваад зараад дууссан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд хариуцлагатай мэдэгдэл хийсэн.
Өмнөх боловсролын сайд нар ерөөсөө энэ асуудалд анхаарч байгаагүй. Магадгүй өөрсдөө холбоотой байсан байх. Эмнэлгийн газрууд ч мөн адил. Тиймээс бид газрын реформыг хийх ёстой. Энэ бол УИХ, Засгийн газрын хамтын үүрэг. Газрын хуулийн шинэчлэл УИХ дээр хэлэлцэхээр орж ирж чаддаггүй байсан. Яагаад гэхээр бүх сайд нар газрын асуудал дээр эрх мэдэлтэйгээ байх гээд зууралддаг байсан" гэсэн юм.