Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар 350 дугаар тогтоол баталж, Хүний эрхийг хангах Үндэсний хороог Засгийн газар, түүний харьяа агентлаг, шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг багтаан байгуулсан. Тус хороо өнөөдөр /2022.11.17/ анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг нээж, Засгийн газраас хүний эрхийг өндөр түвшинд тавьж, нийгмийн салбар бүрд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглэв.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуульд хувь хүний мэдээллийг төрийн байгууллага цуглуулж, ашиглахдаа зөвшөөрөл авах, энэ тухай мэдэгдэх хуудас хүргүүлдэг байх зэргээр хүний эрхийг хангасан дэвшилтэт заалтууд орсон. Гэхдээ цаашид хувь хүний нууцад хамаарах дуу, дүрсний бичлэгийн талаарх хуулийн зохицуулалтыг бүрэн мөрдөж ажиллах шаардлага байна. Сурч боловсрох эрхийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 93-95 хувь нь тухайн эрхээ эдэлж чадаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх болон хөдөө орон нутгийн боловсролын чанарын асуудалд анхаарах шаардлагатай байна. Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах эрхийг хангах хүрээнд ард иргэдийг эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг орон даяар хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 542 мянган иргэн хамрагдаад байна. Аян үр дүнтэй хэрэгжиж буй ч иргэдийг бүрэн хамруулахад анхаарч ажиллаж буйг хуралдааны үеэр холбогдох албаныхан танилцууллаа.
Мөн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанд танилцууллаа. Тус хууль нь нийгмийн ажилтны эрх үүргийг илүү тодорхой болгож, үйлчилгээг нарийвчлан зохицуулж өгснөөрөө онцлог гэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрт элсэн орсон. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ нь олон улс дахь хүний эрхийн индексийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.