БНСУ-ын Сөүлийн Хонгдэ дүүрэгт мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажилдаа явж байсан эмэгтэйг хөөсөн 20 гаруй насны эрэгтэйг яллагдагчаар татжээ.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 26 /2022.10.26/-ны өдөр сэжигтэн Монгол Улсын иргэн А нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ойролцоох Хонгик их сургуулийн вокзалаар шөнөжин тэнүүчилж мансууруулах бодис хэрэглэж буй нь хяналтын камерт үлдсэн бөгөөд А-ийн анхаарлыг "ажилдаа явж байсан нэгэн эмэгтэй татаж" түүнийг дагаж эхэлсэн гэжээ. Эмэгтэй сэжигтэн А-г өөрийг нь дагаж байгааг анзаарч гутлаа янзалж буй дүр эсгэсэн хэдий ч монгол иргэн А нь зориудаар асаагуураа унагааж хурдаа сааруулсан байна. Иймд эмэгтэй 250 метрийн зайд байрлах ажлын оффис руугаа хурдлан орж хаалгаа түгжсэн гэж мэдүүлжээ.
Сэжигтэн А нь оффис түгжээтэй байхыг мэдээд буцсан аж. Улмаар цагдаагийн байгууллагад А-г тэр даруй мэдэгдэж улмаар маргааш нь буюу аравдугаар сарын 27-ны өдөр баривчилжээ.
Мөн эмэгтэйн мэдүүлснээр А нь өвөрмөц содон үс засалттай, шорт өмссөн, баруун хөлөндөө шивээстэй байсан гэсэн аж. Түүний цүнхнээс 1.5 гр метамфетамин, 50 орчим хүнд тарих боломжтой тариур илэрсэн байна. Мөн мансууруулах бодисын шинжилгээ эерэг гарчээ. Иймд Сөүлийн Мапогийн цагдаагийн газар энэ сарын 3-ны өдөр /2022.11.03/ Мансууруулах бодисын хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр яллагдагчаар татжээ. Сэжигтэн А өөрийн мэдүүлэгтээ, “Энэ эмэгтэйг би танихгүй” гэсэн аж. Энэ хэргийн талаар Солонгос иргэдийн сэтгэгдэлд “БНСУ хар тамхины эх орон болжээ, хууль бусаар оршин сууж буй бүх иргэдийг зайлуулж хөө” гэх зэргээр зэмлэж байгаа юм.