Ч.Хүрэлбаатар: Европоос гарсан ачаа Цагааннуурын боомтоор Улаанбаатарт хүрэхэд цаг хугацаа, зардал хэмнэнэ
Засгийн газраас гаргасан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр "Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргалаа. Баян-Өлгий аймгаас хойш 65 км-ийн зайд орших Цагааннуурын чөлөөт бүсийн Азийн AH-4 босоо тэнхлэгийн авто замыг ашиглалтад оруулсан. БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн байгааг хэлье. Үүнтэй холбоотойгоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож байна.
Цагааннуур чөлөөт бүсэд тээвэр ложистикийн төв, гадаад, дотоод худалдааны төв болон үйлдвэрлэл байх бүрэн боломж бий. Баруун аймгуудын малын мах өвчингүй. Тиймээс халал аргаар бэлтгэсэн мах холбогдох зах зээл рүү гарах нь нээлттэй байдаг.
Европоос гарсан ачаа Цагааннуурын боомтоор ороод Улаанбаатарт хүрэх зам 200 км-ээр татуу тул цаг хугацаа, зардлын хэмнэлт гарах боломжтой гэж үзэж байгаа.
Эдийн засгийн хөгжлийн яам чөлөөт бүсүүдийн асуудлыг хариуцаж байгаа юм" гэв.