Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гарагт тохиож буй.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал уламжлалтай.
Энэ жил "Чингис хаан" одонг АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон доктор, профессор Д.Доржготов нарт хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа.
Доктор, профессор Д.Доржготов нь 1974 онд “Монгол орны хөрсний 1:2 500 000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон зуун бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газарзүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм.
Профессор Уэтерфорд 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300,000 гаруй хувь борлогдож, 20 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдэж олон орны уншигчдын хүртээл болжээ. Монголын талаар гарч байсан ямар ч номуудаас илүү их хэмжээнд олон уншигчдын хүртээл болсон. Тэрбээр "Чингис хаан" одонг хүртэх гэж буй гадаад улсын анхны иргэн болж байна.