“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өлзийдүүрэнд холбогдох хэргийг шүүх хурал болж, өнөөдөр /2022.11.25/ шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна.
Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнд таван жилийн хорих ял оноосон байна.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т
Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Г.Өлзийдүүрэн нь “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 онд иргэн Э-г нас барсныг далимдуулан уг компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авч 40 тэрбум төгрөг залилсан хэрэгт холбогдсон байдаг юм.