Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгааг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд тэмдэглэлээ

Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Батдорж нар оролцлоо.

16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргээд “Та бүхэн Монгол Улсын иргэн хэмээх Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрх, эрх чөлөө ба ёсчлон биелүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн бие даасан гишүүн болж байна. Тиймээс Монгол Улсын бодит нөхцөл байдлыг танилцуулж, цаашдын хөгжилд иргэн та хэрхэн оролцох талаар ярилцъя” гэв.

Ерөнхий сайд хүүхэд, залууст Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. “Эцэг өвгөдийнхөө баталгаажуулж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дараагийн үедээ үнэ цэнтэйгээр хүлээлгэн өгөх үүргийг бидний үе хамтдаа үүрэх цаг хугацаа эхэлж байна” хэмээв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатайг дурдаад “Та бүхэн 1-2 жилийн дараа мэргэжлээ сонгох гэж байна. Мэргэжил сонголтоо бодитоор тооцож хийх нь Та бүхэнд төдийгүй Монгол Улсын ирээдүйд нэн чухал” гэж захилаа.

Үе тэнгийнхнээ төлөөлж нийслэлийн ерөнхий боловсролын 108 дугаар сургуулийн сурагч Ш.Номинжин, "Тэмүүжин өрлөг" сургуулийн сурагч Ө.Анхбаяр нар үг хэлж, үндэсний бичгээ эрхэмлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг үеийнхэндээ уриаллаа.

16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 44331 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор тус улсад мөн зохион байгуулжээ.

May be an image of 10 people, people standing and indoor

May be an image of 6 people and people standing

ЖАЛЫН ТӨМӨРСҮХЭД БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
ЖАЛЫН ТӨМӨРСҮХЭД БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.