Хэрвээ Твиттерийн аппликэйшнийг Apple компани App Store дэлгүүрээсээ хасвал iPhone-той өрсөлдөх шинэ гар утас гаргах тухай тэрбумтан Илон Маск өчигдөр мэдэгджээ.
“Ийм зүйл болно гэж би бодохгүй байна. Гэхдээ ингэвэл би шинэ гар утас бүтээхээс өөр сонголтгүй болно” гэж тэр өөрийн твиттер хуудсанд бичсэн байна.
Аравдугаар сарын сүүлээр дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авсан Маск тус компанид олон маргаантай өөрчлөлтийг эхлүүлээд байгаа. Тэрбээр өөрийгөө үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж тодорхойлдог ба Твиттерийн нийтлэлийн бодлогыг ч илүү задгай чөлөөтэй болгохоо амладаг.
Гэхдээ нөгөө талаас энэ нь хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчих, үзэн ядалт, хэт үзлийг түгээгч хэрэгсэл болох эрсдэлтэй юм.
Apple компанийн хувьд хэрэглэгчийнх нь аюулгүй байдалд хохирол учруулахуйц аппликэйшнийг App Store-оосоо устгах хатуу журамтай байдаг.
Сүүлийн үеийн үйл явдлууд Apple болон Твиттерийн хооронд зөрчил үүсэх магадлалтайг харуулж байна.
Илон Маск саяхан аппликэйшний борлуулалтаас 30 хувийг суутгадаг App Store-ийн журмыг “интернэтийн далд татвар” гэж шүүмжилсэн юм.
Үүний дараа өнгөрсөн долоо хоногт Apple компанийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч, App Store дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцдаг Фил Шиллер өөрийн 200,000 дагагчтай Твиттер хаягийг устгаж байжээ.
Энэ үйлдэл нь Твиттерийн аппликэйшнийг Apple компани App Store дэлгүүрээсээ устгаж болзошгүй гэсэн дуулиан дэгдээгээд байна.
Эх сурвалж: Business Insider