Баруун бүсийн ТХГН-ийн 12 хамгаалалтын захиргааны нийт 240 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад нийт 650 гаруй сая төгрөгийн үнэ бүхий оффисын болон хээрийн ажлын зориулалт бүхий дөрвөн улирлын 17 нэр төрлийн дүрэмт хувцас гардууллаа.
Уг дүрэмт хувцсыг БОАЖЯ-наас баталсан нэр төрөл, загвар, техникийн тодорхойлолтын дагуу Хилийн цэргийн 0288 дугаар анги ТӨААТҮГ чанарын өндөр түвшинд дотооддоо үйлдвэрлэн гэрээт хугацаанд нийлүүлэн өнөөдөр байгаль хамгаалагчдын төлөөлөлд хүлээлгэн өгөв.
ТХГН-ийн Хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид ажлын хэрэгцээний дүрэмт хувцсаар бүрэн хангагдсанаар ажиллах нөхцөл сайжирч эргүүл, хяналт, судалгаа мониторингийн ажилд эрс ахиц гарна гэдэгт итгэлтэй байна гэж төслийн багийнхан онцлон тэмдэглэв.
Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт зээлийн банк БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн 1-р үе шатыг 2015- 2021 онд Монгол орны Хангай, Төв болон Зүүн бүсийн Улсын тусгай хамгаалалттай газрууд тэдгээрийн Орчны бүсэд амжилттай хэрэгжүүлсэн юм.
Энэхүү төсөл нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэгдсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бөгөөд Байгаль орчны салбарт санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт хийсэн анхны төсөл болсон билээ.
ХБНГУ-ын Засгийн газраас төслийн 1-р үе шатыг амжилттай хэрэгжсэн хэмээн үзэж, 2,3-р үе шат 2020 оноос Монгол орны баруун болон говийн бүсэд хэрэгжиж, улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд баруун таван аймгийн БОАЖГ-ууд, ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, Усны сав газрын захиргаадад туулах чадвар сайтай бартаат замын 19 ширхэг ландкрузер маркийн автомашиныг 8, 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн ба 11 дүгээр сард мөн аймгуудын сум дундын 7 ойн ангид тус бүр 90 морины хүчин чадал бүхий дунд оврын трактор хөрс боловсруулах анжис, модны нүх ухагч өрөм, борной, далан гаргагч зэрэг дөрвөн төрлийн дагалдах тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн юм. Түүнээс гадна сум дундын ойн ангиуд орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмжийг ашигласнаар ойн арга хэмжээ механикжиж, ажлын бүтээмж эрс нэмэгдэж улмаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бодит хөрөнгө оруулалт болсон юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам