Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Хамтарсан мэдэгдэл гаргасан.
Тэгвэл тус мэдэгдэлд, “Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. Талууд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ” гэжээ.
Энэ утгаараа саяхан төмөр замын бүтээн байгуулалт нь дууссан “Ханги”-ийн боомт Хятадын Мандал боомттой төмөр замаар холбогдох ажээ.