МАН-ын "Бага хурал" энэ сарын 06 /2022.12.06/-ны өдөр товлогдсон. Хурлаар хэлэлцэх асуудлыг агуулгаар нь хоёр хувааж олон нийтэд түгээж буй.
--ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААС ГАДНА ХЭД, ХЭДЭН ТОМИЛГООГ ХЭЛЭЛЦЭХ АЖ-
Тухайлбал, МАН-ын бага хурлын талаарх "нээлттэй мэдээлэл"-д "2021 оны Их хурлаас хойшхи нэг жилийн ажлыг үр дүн, Шинэ сэргэлтийн бодлого, Хүний эрхийг хамгаалах дэвшилтэд бодлого, Авлига хүнд сурталтай тэмцэх, Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх агуулгаар тавигдсан илтгэл, гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг дүгнэх мөн E-Nam апплейкшний нээлтийг хийх" зэрэг мэдээлэл багатаж байна.
Тэгвэл "хаалттай мэдээлэл"-д "Ерөнхий нарийн бичгийн даргаас Д.Амарбаясгаланг чөлөөлж, Я.Содбаатарыг томилох болон өөр бусад хэд, хэдэн албан тушаалын томилгоог хийж магадгүй" талаар дурдаж байгаа юм. Учир нь МАН-ын дүрмийн 29.2-т "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно" гэж заасан байдаг. Тэгэхээр тус дүрмийг өөрчилж байгаад Д.Амарбаясгаланг авч үлдэх үү, дүрмээ дагаж Я.Содбаатарыг генсект томилох уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Дээрхээс гадна МАН зарим гишүүндээ хариуцлага тооцох асуудлыг ч хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл бий. Тухайлбал, 2016-2020 оны чанаргүй зээлүүдийг гаргасан Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон гишүүдээр ажиллаж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг ярих аж.
-БАГА ХУРЛЫН ДАРАА ХОЁР ЯАМНЫ ДЭД САЙДЫГ ТОМИЛОХ УУ-
Мөн МАН-ын нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяаг томилж магадгүй. Хэрвээ тус мэдээллийн дагуу томилгоо хийгдвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх дахин солигдоно гэсэн үг.
Харин А.Ариунзаяа нарийн бичгийн даргаар очсон тохиолдолд МАН-д одоо нарийн бичгийн даргыг алба хашиж буй нэг залууг нь Эрүүл мэнд эсвэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайдад томилно гэх мэдээлэл байна. Эдгээр нарийн бичгийн дарга нараас хамгийн магадлалтай нь Н.Энхбаатар юм.
Түүний хувьд У.Хүрэлсүхийн багийн хүн гэгдэх бөгөөд МИАТ-ын дэд захирлаас буусныхаа дараагаас дагнан намын ажлыг хийж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Бага хурлын дараа Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайдыг намаас томилохоор бэлтгэж байгаа аж.