УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир "Онгоцны тийз алслагдсан аймгуудад тулгамдсан асуудал болоод байсан. Төрөөс бүх юмыг хөнгөлөөд, татаасаар шийдээд байх аргагүй. Онгоцны тийз хэзээнээс буурах бололцоотой вэ" гэв.
Зам тээвэр хөгжлийн сайд С.Баярцогт "Энэ хууль батлагдсаны дараа “Роснефть”, “Эрчис ойл” компанийн хамтарсан компани байгуулагдана. Монголын тал 60 хувийг нь, Оросын тал 40 хувийг нь эзэмшинэ. Сингапурын биржийн үнэ орчимд онгоцны түлш тогтвортой нийлүүлнэ гэсэн бодлого зорилго тавьж байна. Хууль батлагдсанаар онгоцны түлшний үнэ тонн тутамдаа 300-600 ам.доллараар буурч, авиа компаниуд онгоцны тийзний үнээ 8-12 хувиар бууруулах боломжтой. Нислэгийн 28-46 хувь нь онгоцны түлшний зардал байна" гэлээ.