Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд

“ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан тухай мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:21 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар хүлээж авсан.

Уг гал түймрийг унтраахад алба хаагчид нийт 8 цаг гаруй хугацаанд ажиллаж 17 цаг 18 минутад гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Одоогийн байдлаар гал түймэр гарсан саванд хадгалагдаж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Үүнийг аюулгүй болгох арга хэмжээг авч ажиллаж байна.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр /2000 м.куб/ шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр /650 м.куб / АИ-92 шатахуун хадгалагдаж байсан юм.

Энэхүү савны зэргэлдээ байрлах 400 мянган литр /400 м.куб /-ийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тн шатахуун хадгалагдаж байсан.

Мөн тус газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын техникийн инженерийн мэдээллээр гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход 1 иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын хувьд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй.

Дээрх гал түймрийг унтраахад нийтдээ Онцгой байдлын байгууллагаас Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Нисйлэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч, гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашин /гал унтраах үндсэн албаны 14, тусгай албаны 7, бусад зориулалтын 23 автомашин/ үүрэг гүйцэтгэсэн.

УБТЗ-ийн цэрэгжүүлсэн Онцгой байдлын албанаас 22 алба хаагч, 1 гал унтраах галт тэрэг /60 тн усны нөөцтэй/ гарч ажилласан.

Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дархан-Уул сумын ЗДТГ, Дархан-Ус суваг зэрэг нийт 6 байгууллага аж ахуйн нэгжийн 152 алба хаагч 30 автомашинтай нэмэлтээр үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ
Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.