Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд

Индонез улс гэр бүлээс гадуур бэлгийн харилцааг хориглох хууль батлах гэж байна

Индонез улсын парламент гэр бүлээс гадуур бэлгийн харилцааг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг удахгүй хэлэлцэхээр болжээ.

Хуулийг санаачлагч улс төрчдийн нэг Бамбан Вурянто төсөл нь ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэгдэж, батлагдах төлөвтэй байгааг мэдээлсэн байна.
Хэрвээ энэ хууль батлагдвал Индонезын иргэдээс гадна гадаадын иргэдэд ижил тэгш үйлчлэх юм.

Гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орсон аль нэг талын эхнэр, нөхөр гомдол гаргасан тохиолдолд зөвхөн хууль үйлчлэх ажээ.
Гэр бүлгүй хүн оролцсон тохиолдолд эцэг, эхийнх нь гомдлыг үндэслэн шийтгэх гэнэ.
Буруутай нь тогтоогдвол нэг жил хүртэл хугацаанд шоронд хорих шийтгэл оноох ажээ.

Бас гэр бүл болоогүй хүмүүс хамтран амьдрахыг шинэ хуулиар хориглох юм байна. Хэрвээ ийм зөрчил гаргасан бол зургаан сар хүртэл хугацаагаар шоронд хорихоор хуульд тусгажээ.
Шинэ хууль Индонезын аялал жуулчлалын салбар, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж болзошгүйг тус улсын Ажил Олгогчдын Холбоо анхааруулсан байна.

Өмнө нь 2019 онд ийм хуулийн төслийг парламентад өргөн барихад Индонез даяар олон арван мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байжээ.
Нийслэл Жакарта хотод оюутнууд, хууль сахиулагчдын хооронд томоохон мөргөлдөөн гарч, нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан тарааж байв.

Дэлхийн хамгийн олон муслим хүн амтай улс болох Индонезод гэр бүлээс гадуур бэлгийн харилцааг хориглодог хууль тодорхой хүрээнд үйлчилдэг.
Тус улсын хамгийн хатуу шашны дэг ёстой, хуучинсаг нутаг болох Ачех мужид ийм харилцаанаас гадна мөрийтэй тоглоом тоглох, согтууруулах ундаа хэрэглэх, танихгүй эсрэг хүйстнүүд уулзах зэргийг хориглодог.

2021 онд хоорондоо явалдсан гэх хоёр эрэгтэйг тус мужийн эрх баригчид олны нүдэн дээр тус бүр 77 удаа ташуурдан шийтгэж байжээ.
Тухайн өдөр бас олон нийтийн газарт хэт ойр биеэ авч явсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг тус бүр 20 удаа, архидан согтуурсан хоёр эрэгтэйг тус бүр 40 удаа ташуурдаж байсан юм.

Эх сурвалж: BBC

СУДАЛГАА: Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна
СУДАЛГАА: Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.