Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 5 секунд

МЭНДЧИЛГЭЭ 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 3-ныг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” болгон, энэ жил “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилтэт шийдлүүд: Хүртээмжтэй, эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна.

Монгол Улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод нэгдэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгож байна.

2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг байгуулж, 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн барилгыг эхнээс нь хүлээн авч эхлээд байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэхээр тохирсон 20,4 сая ам.долларын төсөвт өртөгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолбор”-ын барилгын ажлыг хоёр талын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эхлүүлэхээр болсон. Энэ нь төрийн өндөр, дээд түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцооны асуудалд анхаарч байгаагийн нэг илрэл юм.

Бидэнд хууль эрх зүйн орчин, бүтэц тогтолцоо, барилга байгууламжийн хувьд тодорхой үр дүн гарч байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд шаардлагатай дэд бүтэц, аливаа үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодит хэрэгцээ шаардлага тавигдсаар байна. Үүний тулд Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал бол бүх нийтийн, бүх салбарын, мөн бүх шатны хамтын хүчин чармайлт, нэгдсэн бодлогын асуудал юм. Тийм ч учраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийг миний бие удирдан ажиллаж байна. Энэ хүрээнд зөвлөлийнхөө өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, салбар бүрт холбогдох чиглэлийг өглөө.

Та бүхнийхээ эрхийг бүрэн дүүрэн хангахад Монгол Улсын төр бүх талаар хичээн ажиллах болно. Бүх хүнд ээлтэй, эрх тэгш нийгмийн төлөө хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүйн төлөө нэгдэцгээе.

МОНГОЛ УЛСЫН САЙД,
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА,
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар 186 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар 186 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.