Улсын Их Хуралд суудалдтай ХҮН болон Арлчилсан намын зарим гишүүн хамтран өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол хийх санаачилга гаргаснаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "УИХ-ын нэр бүхий есөн гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байгаа. Шаардлагад нүүрсний хулгайг УИХ дээр нээлттэй хэлэлцье, энэ асуудлыг одоо л шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна гэж байгаа юм. Мөн нүүрсний хулгай бол нам дамжсан хулгай. Үүнтэй тэмцэхийн тулд нам харгалзахгүйгээр нэгдэж, хамтдаа шахах ёстой гэж үзэн нээлттэй сонсгол хийх шаардлага гаргаж, есөн гишүүн гарын үсгээ зурсан" гэлээ.
Дээрх шаардлагад нийтийн сонсголыг энэ долоо хоногт багтаан нээлттэйгээр хийхийг тусгаж,
Хулгайн дүн хэд вэ
Засгийн газарт ямар асуудал байна вэ
Арын эзэд нь хэн бэ
Цаашид хулгайтай яаж тэмцэх вэ зэрэг асуудлаар ярилцахыг шаардаж байгаа аж.
Мөн гишүүн Т.Доржханд "Тодорхой төрлийн өөр өөр хулгайнууд яваад байна. Үүнийг нээлттэйгээр иргэдэд тодорхой ойлгуулахгүй бол хөөсрүүлээд, тодорхой бус болгоод байвал хулгай илчлэгдэхгүй. Энэ хулгайг илчлэхгүй бол бусад хулгай ч илчлэгдэхгүй юм байна. Засгийн газрын бяр хүрэхгүй гэдэг нь анзаарагдаж байна. Учир нь арваннэгдүгээр сард багтаж офтек гэрээг ил болгоно гэж сайд Ч.Хүрэлбаатар зарласан ч одоо болтол байхгүй. Ухаад үзэхээр гэрээг нууцаас гарахын тулд тагнуулын байгууллагаас холбогдох ногоон гэрэл нь асах ёстой. Тэр ногоон гэрлийг асаах үндэслэл нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ).
Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүнийг хулгай хийх сэтгэхүйтэй хүн гэж бодохгүй байна. Харин өнөөдөр эр зориг гаргаад Ерөнхийлөгчийн хувьд, ҮАБЗ-ийн даргын хувьд энэ асуудлыг ҮАБЗ дээрээ хэлэлцээд офтек гэрээнүүдийг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөх хэрэгтэй гэх шаардлага бий. Энэ бол бодитой шаардлага" гэлээ.