Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо /2022.12.07/ "Нүүрсний хулгай"-н гэх хэрэгт холбогдсон улстөрч, албан тушаалтнуудыг олон нийтэд ил болгохыг шаардсан жагсагчидтай уулзаж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Та нар минь жинхэнэ нүүрсний хулгайч нарын ятгалгад автахгүй, Засгийн газартайгаа хамт байна гэдэгт итгэж байна. Ингэж байж асуудлыг бид хамтдаа шийднэ.
Бид хамтдаа тэмцэх ёстой болохоос ялагдах ёсгүй. Олон олон жолооч нарын асуудал бий. Олон олон улстөрчдийн асуудал бий. Энэ бүхнийг хамтдаа байж шийднэ. Үүнийг та бүхнийг ойлгоно гэж бодож байна" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Шударга ёсны төлөө Засгийн газар та бүхэнтэйгээ хамт байх болно. Шүүх, цагдааг шахаж ажиллах болно.
Өнөөдрийг хүртэл шүүх дээр гацаж байгаа хэргүүдээ шийд гэдгийг шүүх байгууллагад хандаж хэлэхийг хүсэж байна.
Та бүхэнтэйгээ шударга ёсны төлөө эхлүүлсэн ажлаа дуусгах болно. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-тайгаа ард нь гарах ёстой. Бууж өгөхгүйгээр, өрөвдөхгүйгээр тогтолцоогоо шийдэх ёстой" гэлээ.