"Манай улсын нийт нутгийн 60 орчим хувьд нь цас зудтай байна. Малчид нийт малынхаа 70 хувийг нядалсан. Тугал, бяруу, бог малаа л авч үлдэж байна. Төр засгаас махны экспорт дээр ямар дэмжлэг үзүүлэхийг малчид хүлээж байгаа" хэмээн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир байр сууриа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Замуудыг засах төслийг хэлэлцэж байна. Монгол малын мах замаас шалтгаалж экспортод гарч чадахгүй байгаа гэж бодохгүй байна. Экспортод гаргахын тулд малаа эрүүлжүүлэх, мах боловсруулахад илүү анхаарах ёстой. Өөр олон ажил бий. Хорио цээрийн төв байгуулах гол төслөө хийхгүй байж хэрэггүй зүйлд зээл авч байна" гэлээ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Тээвэр логистикийг хөгжүүлэх ажлын хүрээнд махны төрөлжсөн жишиг тээврийн төвийг Өвөрхангай аймгийн төвд байгуулна. Гэхдээ хувийн хэвшилтэй хамтарна. Тухайн газар нь харьцангуй төвийн бүс нутаг. Үүнтэй холбоотойгоор улсын чанартай авто замуудын засварын ажлыг хийх хэрэгтэй. Ингэж байж тээврийн асуудал шийдэгдэх юм.
Зөвхөн махны экспортыг нэмэгдүүлэх тухай биш шүү дээ. Өөр олон ачаа барааг тээвэрлэж байгаа.
Засвар хийх замын хувьд:
Өвөрхангай-Арвайхээр чиглэлийн 72 километр зам
Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 13 километр зам
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн 40 километр зам гээд нийт ээлжит засвар хийх 125 километр, авто замын шинэчлэлт хийх 186 километр замыг санхүүжүүлнэ.
1950-1980 онд баригдсан 1,205 метр урттай зайлшгүй засвар хийх шаардлагатай найман гүүр бий. Ингэж тухайн замуудыг шинэчлэхээр төслийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр оруулж ирж байна" гэсэн юм.
"Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциац хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл"-ийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.