Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ мэдээлэл хийв.
Тэрбээр “Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой хийсэн мэдээлэл дотор миний нэр явж байгааг гайхаж байгаа. Надад ямар нэг байдлаар АТГ болон хууль шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй.
Ямар нэг хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд, тэр тусмаа нийгэм маш их бухимдалтай байгаа энэ үед хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо.
Тэд бүгд нүүрсний хулгай хийчихсэн хүмүүс шиг ойлгогдож байна. Миний бодлоор нэр зарлагдсан 17 хүний дундаас нүүрсний хэрэгт ямар нэг байдлаар холбогдохгүй байх гэдэгт итгэлтэй байна.
Мөн би төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний асуудалтай ямар ч холбоогүй.
Харин орон нутгийн 51 хувийн өмчтэй, 49 хувь нь Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалсан 2000 орчим хувьцаа эзэмшигчтэй "Тавантолгой" компанид би том хувьцаа эзэмшигч мөн. Гэхдээ энэ мэдээлэл бүх талаар нээлттэй байдаг.
Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн их хөрөнгө татаж, ногдол ашиг тараадаг энэ компанид би УИХ-ын гишүүн болохоос өмнө ч ТУЗ-д ажиллаж байсан. Энэ компани дээр бүх зүйл нь ил тод.
Ер нь бизнесийн салбараас улс төр рүү орсон хүмүүсийн бүх зүйл ил тод байдаг. Нууц газар л асуудал байдаг болохоос бизнесмэн хүмүүст бол нууж хаагаад байх зүйл байдаггүй.
Одоогоор надаас хууль хяналтын байгууллага ямар нэг тайлбар аваагүй байна.
Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК яагаад 1,072 хувьцааны ногдол ашиг өгөхгүй байгаа асуудал л иргэдийн бухимдал болоод байна. 1,072 хувьцааны ашиг нь хаана байна, тус компани тийм их эдийн засгийн эргэлт орлоготой юм бол яагаад тэр нь ил байхгүй байгаа вэ гэдэг нь л асуудал үүсгээд байгаа.
Гэтэл сүүлийн 6-7 жил эрх барьж байгаа хүмүүс дээрх асуудалтай огтхон ч хамаагүй, хол байсан хүмүүсийг хамааруулж байгаа нь өөрөө нийгмийн бухимдлыг буруу тийш болгоод байна.
Бид бүх зүйлийг ил тод болгоод явах хэрэгтэй. Түүнээс биш нийгэм ийм бухимдалтай үед, юу ч шүүхээр тогтоогдоогүй байхад ингэж хүмүүсийн нэр зарлаж, эрсдэлд оруулж байна гэдэг маш буруу үйлдэл” гэв.
"Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын бүрэн эрхээс татгалзаж, шалгуулахад бэлэн"
Үргэлжлүүлэн “Орон нутгийн эзэмшлийн Тавантолгойн нүүрс олборлолт, хилээр гаргасан тоон хэмжээ зөрсөн гэдэг өмнө нь гарсан асуудалд би нөлөөлөх боломжгүй. Тэнд би аж ахуй эрхэлдэггүй, зүгээр л хувьцаа эзэмшигч.
Мөн дээрх асуудалтай холбоотой эрүүгийн хэрэгт өмнө нь нэр холбогдож, шалгагдаж байгаагүй.
Би нүүрсний хулгайтай ямар байдлаар холбоогүй. Орон нутгийн Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд энэ компанийг хамгийн ашигтай, зөв байгаасай гэдгийн төлөө л ажилладаг хүн.
Мөн бүхэл бүтэн долоон жил хамгийн том уурхай дээр хамгийн их эргэлт явагдсан. Үүнийг л ил тод болгоод харуулж, тэндээс юм хайх хэрэгтэй.
Надад нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын бүрэн эрхээс татгалзаж шалгуулахад асуудал байхгүй. Бүх талаар шалгуулахад бэлэн байна. Гол нь намайг дуудаж асуугаагүй байж нүүрсний хулгайтай яаж холбоод байгааг ойлгохгүй байгаа. Энэ байдал явсаар байгаад 1930-аад оны хэлмэгдүүлэлт шиг зүйл болно.
Ямар нэг байдлаар хүн хэлмэгдүүлэхгүйгээр шударгаар уг асуудалд хандах ёстой. Тиймээс шалгуулахад бүх талаар бэлэн, ямар ч асуудал алга" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.