Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын "Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй этгээд буюу иргэд, харуул хамгаалалтын ажилтнууд хэрэглэж буй зөрчлийг арилгуулах тухай" өгсөн үүргийн дагуу зөрчил, дутагдлыг таслан зогсоох ажил нийслэлээс гадна орон нутагт ч үргэлжилж байна.
Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран тус аймгийн нутаг дэвсгэрт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, цэргийн дүрэмт хувцас худалдан борлуулж буй дэлгүүр, лангуу, хувь хүн, зөвшөөрөлгүй оёдлын цех, үйлдвэрүүдэд хуулийн хүрээнд хяналт шалгалт явуулжээ.
Зөрчил гаргасан хувь хүн, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төрийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасныг эхний ээлжид сануулж анхааруулсан байна.
Цаашид Чойбалсан цэргийн хүрээний Цэргийн цагдаагийн тасаг, цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтыг тогтмол явуулах юм байна.