Өнөөдөр ЗХЖШ 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, бодлогоо тодотгохын зэрэгцээ алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэлээ.
Эл хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, БИЦУГ, ЦТГ-ын төлөөлөл, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч нар оролцлоо.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр ЗХЖШ-ын 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.
ЗХЖШ нь 2022 оны үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг “Зэвсэгт хүчний байгуулалтыг бэхжүүлэх, батлан хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, цэргийн удирдлагын байгууллага, нэгтгэл, ангийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх” хэмээн тодорхойлж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллажээ.
Тухайлбал, Зэвсэгт хүчний хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх,
Зэвсэгт хүчний стратегийн болон нэгдсэн ажиллагааны удирдлага, төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил, цэргийн сургалт болон материал техникийн хангалтын тогтолцоог Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгох,
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, дотоод хяналтыг нэмэгдүүлж, цэргийн албаны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлийг баримтлан ажилласан байна.
Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын үйл ажиллагааны тайлантай танилцсаны дараа хэлсэн үгэндээ ЗХЖШ нь 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээгээ чанартай сайн гүйцэтгэн, амжилт бүтээлээр арвин байж мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх зорилтыг хангахад ахиц гарган ажилласныг онцлоод цаашдаа энэ эрчээ алдалгүй тасралтгүй хөгжиж, манлайлагч байхыг нийт бие бүрэлдэхүүнд захиад дараах үүрэг чиглэлийг өгсөн юм.
Цэргийн алба хаагч бүр шинэчлэл, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, эрхэлсэн ажилдаа эзэн нь байж, ажлын гүйцэтгэлийг өндөр түвшинд чанартайгаар зохион байгуулах,
2023 онд Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх,
Зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх, байлдааны болон хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх чадавх, нэгтгэл, ангийн тайван цагийн орон тоогоор байлдааны үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх,
ЗХЖШ болон Төрлийн цэргийн командлалууд харьяа нэгтгэл, анги, салбаруудын зохион байгуулалтын бүтцийг бодит байдалд нийцүүлэн шинэчилж түүнд нийцсэн орон тоог батлан мөрдүүлэх болон боловсон хүчний хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах,
Мөн Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхийн зэрэгцээ шинэлэг инновацыг нэвтрүүлж үйлдвэрлэл, судалгааны ажлыг тасралтгүйгээр зохион байгуулах,
Бүх шатны төрийн байгууллагуудын үрэлгэн байдлыг хязгаарлаж, төсөв хөрөнгийг хэмнэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас баталсан Хэмнэлтийн тухай хуулийг бие бүрэлдэхүүн, алба хаагчид чанд мөрдөн ажиллахыг үүрэг болголоо.
Үүний дараагаар эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж бусад нөхдөө манлайлсан зарим офицер, ахлагч, ажилтан, алба хаагчдыг салбарын одон, медалиар шагнаж урамшуулав.
Төгсгөлд нь ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба 2022 оны үйл ажиллагаагаа амжилттай тайлагнасан ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж Монгол Улсын төр засаг, БХЯ-наас өгсөн үүрэг даалгаврыг чанартай сайн гүйцэтгэхийг захиж амжилт хүслээ.
Эх сурвалж: Соёмбо редакц