Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 30 секунд

БАРИМТ: Х.Баттулга, Б.Жавхлан, Н.Ганибал нарын хамаарал бүхий компани “Тавантолгой-Зүүнбаян“ төмөр замын төслөөс 25 тэрбумын ажил авчээ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замтай холбоотой дэлбэрэлтийг удахгүй хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ талаар "Нүүрсний дараа төмөр замын компаниудад Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй" гэсэн юм.

Товчхондоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан нууцаас гаргасан "Тавантолгой Зүүн-баян" чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой дарга нарыг шалгана гэдгээ тойруулан мэдэгдсэн нь энэ бололтой. Тус төмөр замын ажилд улстөрчид болоод нэр нөлөө бүхий хүмүүс холбогдсон байдаг. Тэгвэл Ерөнхий сайдын дэлбэрэлтэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар өртөж магадгүй аж. Учир нь эдгээр хүмүүсийн хамаарал бүхий компани "Тавантолгой Зүүн-баян" чиглэлийн төмөр замын төслөөс 25 орчим тэрбум төгрөгийн ажил авч, гэрээ байгуулсан байна.

Тодруулбал, “Монголзам групп” ХХК Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилгын ажил /Хоолойн/ гүйцэтгэх гэрээг 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр байгуулжээ. Гэрээний ажлын нийт дүн нь 7.6 тэрбум төгрөг гэжээ. Мөн доод бүтцийн даланг 17.1 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, захиалагчийг төлөөлж Зэвсэгт хүчний ББДГ-ын даргын орлогч, удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганхөлөг нар болон гүйцэтгэгчийг төлөөлж “Монголзам групп” ХХК-ийн захирал Ү.Батмөнх гарын үсэг зурж, нууцын баталгаа гаргажээ.

-Б.ЖАВХЛАН Г.ЭРДЭНЭЦОГТ НАР СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДҮГЭЭР АРВАН ЖИЛИЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО”-Г ХАМТРАН УДИРДАЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замаас 25 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “Монголзам групп” ХХК нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Н.Ганибал нарын хамаарал бүхий компани аж. “Монголзам групп” ХХК-ийг Батмөнхийн Цогтсэргэлэн, Гөлгөөгийн Эрдэнэцогт, Үржингийн Баянмөнх нар эзэмшдэг бөгөөд Г.Эрдэнэцогт нь Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Н.Ганибал нартай, харин Батмөнхийн Цогтсэргэлэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр нэгэн гэх мэдээлэл байгаа юм.

Тодотговол, Сангийн сайд Б.Жавхлан “Монголзам групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Эрдэнэцогт нар нь “Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн төгсөгчдийн холбоо”-г хамтран удирдаж байсан бөгөөд тус холбооны УЗ-ийн даргаар Сангийн сайд Б.Жавхлан ажиллаж байсан байна. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард тус холбооноос нэрээ хасуулж, Т.Баярхүүд УЗ-ийн даргын ажлаа шилжүүлжээ. Мөн тэдний холбоо хамаарал нь ЖДҮ-ийн хэргийн үед мөн сөхөгдөж байв. Эргэн сануулахад, Г.Эрдэнэцогтын “Жетте майнинг” ХХК нь ЖДҮ-гээс 800 сая төгрөгийн зээл авахад Б.Жавхланг нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл тухайн үед олны анхаарлыг татаж байсан ч асуудал тэгэсхийгээд намжиж байсан юм.

-Н.ГАНИБАЛ, Г.ЭРДЭНЭЦОГТ НАР НЬ “МОСМЕП” ХХК-ИЙГ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ АЖ-

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибал “Монгол зам групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Эрдэнэцогт нар нь “МОСМЕП” ХХК-ийг хамтран эзэмшдэг аж. Тус компани нь цаасан уутны үйлдвэрлэл, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ талаар ч УИХ-ын гишүүн Н.Ганибал ХОМ-тээ дурджээ. Өөрөөр хэлбэл Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслөөс 25 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “Монголзам групп” ХХК нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Н.Ганибал нартай хамааралтай болох нь дээрх баримтуудаас харагдах бөгөөд энэ ч утгаараа тус гэрээг байгуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн дэлбэрэлтэд өртөж магадгүй юм.

МОНГОЛЧУУДЫГ ХҮЛЭЭЖ АВАХ БУУДЛЫН ӨРӨӨ 144 МЯНГАН ТӨГРӨГ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.