33 тэрбумын гэх тодотголтой гурван гишүүн одоогийн УИХ-д бий. Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн хамаарал бүхий түүний эгч Х.Хашчимэгийн удирддаг, Г.Дамдинямын хувьцаа эзэшдэг “Вертекс Майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрүүгийн хуулийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид буруутгаж яллагдагчаар татсан бөгөөд тэдэнд хилийн хориг тавиад байгаа юм.
Мөн Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга Ч.Цоожсүрэн, Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан Б.Цолмон нарыг уг зээлтэй хамааралтай гэж үзэж хилийн хориг тавьж яллагдагчаар татжээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн зээлийг өөрт ямар ч хамааралгүй гэж мэдэгддэг ч хамааралтай болох нь баримтаар нотлогддог. Мөн тэрээр уг зээлийг олгохдоо Хөгжлийн банкны дэд захирал, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаярыг эзгүйчлэн олгосон гэх талаар зарим хэвлэл мэдээлж байсан. Ч.Мөнхбаяр нь "Вертекс Майнинг партнер" ХХК-г шаардлага хангахгүй гэх шалтгаанаар зээл олголгүй хоёр удаа буцаасан ч түүнийг ээлжийн амралттай байхад Г.Амартүвшин нь тус компанид зээл олгосон гэгддэг юм.
Дашрамд дурдахад Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 1 их наяд 80 тэрбумд хүрч 16 зээлдэгч зээлээ бүрэн төлөөд байгаа. Тэдний нэг Вертекс майнинг партнер ХХК юм.