Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 45 секунд

Л.Гүндалай: АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ. Монголоо өөрчлөхийн төлөө УИХ-ын 2024 оны сонгуульд ч өрсөлдөнө

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны хурлын үеэр тус намын гишүүн Л.Гүндалай цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Өнөөдрийн энэ хурал бол хоёр талын бүх хүмүүсийг хамруулсан хурал юм. Шийдвэрлэх үүрэгтэй хурал гэж бодож байна. АН дээгүүрээ хагарсан байдалтай байгаа. Энэ хагарлыг нэг талд нь багтааж, эвлэрүүлэхээр гарах ҮБХ-ны шийдвэр бол хамгийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Яагаад ҮБХ бол хоёр талын эрх барих дээд байгууллага. Талцаж байгаа хоёр тал хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Намын даргаа сонгох журмаа энэ хурлаас батална гэж ойлгосон. Миний хувьд АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ. Гэхдээ энэ асуудал өнөөдөр шийдэгдэхгүй.

Монгол Улсын хуулиар нэг хүн хоёр намд гишүүнчлэлтэй байж болохгүй. Ард түмний намын гишүүнчлэлээс би албан ёсоор гарсан. Намын даргын ажлыг өөр хүнд шилжүүлсэн. Хоёр жилийн өмнө би АН-ын даргын сонгуульд нэр дэвшээд М.Тулгат гэдэг залууд ялагдаж байсан. Одоо бодохоор инээд хүрээд байдаг. Дараа нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөнд өрсөлдөөд С.Эрдэнэд бас ялагдсан. Нэг ийм зүйл болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол АН-д гишүүнээр элсээд, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байгаагийн илрэл юм.

АН-ын дарга болж чадна гэдэгт итгэлтэй байна. Тус намыг ялалтад хүргэх хүн хэрэгтэй. Монголын нийгэм, улс төрийг өөрчилж, шударга бус явдлаас салгах улс төрийн хүчин гарч ирэх нь чухал байна. Миний хувьд аль нэг фракцад байдаггүй. Намаа ялалтад хүргэж байсан түүхтэй хүн. Өөрийнхөө нас, боловсрол, мэдлэг, туршлагаа харахад АН-ыг ялалтад хүргэнэ.

Намын даргад нэр дэвшээд ялагдах болгондоо би гутардаггүй. Намайг нэр дэвших болгонд дандаа шударга бус зүйл тохиолддог. Шударга бус зүйл хол явдаггүй.

Миний эсрэг С.Эрдэнэ зогсож болно. АН-ын 2024 оны болон цаашдын ялалтууд чухал. АН-ын даргаар байдаг л нэг хүн сонгогдож болохгүй. Зоригтой, мэдлэг чадвартай хүнийг шаардаж байгаа. Ард түмэн өөрийнхөө удирдагчийг хайж байгаа. Тиймээс ҮБХ-ны гишүүд намайг дэмжинэ гэж бодож байна" гэдгийг хэлэв.

"Хувиа бодвол улс төрийн үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй"

2024 оны УИХ-ын сонгуульд АН нэгдэж оролцож чадах эсэх талаар "Чадаж л таараа. Яаж ч бодсон эвлэрч нэгдэнэ. Цагаа тулахаар цаганд шахагдаад сонгуульд нэгдэж ордог л байхгүй юу. Сонгуульд туршлагатай хүний хувьд мэдэж байна" гэв.

Түүнчлэн АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг дурдаад "УИХ-д Монголоо өөрчлөхийн төлөө нэр дэвшинэ. Хувиа бодвол улс төрийн үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй. Эрх баригчдын дээрэм тонуул шударга бус санагдаж байна. Өмнөх сонгуулиуд шударга бус явагдаж байсан. Миний хувьд М.Тулгатад, С.Эрдэнэд ялагдахааргүй л хүн. Үндэсний бодлогын хорооны сонгуулийг С.Баярцогт санхүүжүүлж, зохион байгуулж байгаа" гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.