Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 35 секунд

.Оюун-Эрдэнэ: Төрийн ордны гадна байгаа өндөр оффист томоохон банкны эзэд цугларч, бусдЛыгаа дуудаж хурал хийдэг түвшинд очсон байна

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэгт, үе үеийн сайд, дарга нар, эрдэмтэн судлаачид, жагсагчдын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцож байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Манай улс анх 1924 Үндсэн хуулиа баталсан. Үүнээс хойш 1940, 1960 онд шинэчилсэн. Харин 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардчилсан шинэ Үндсэн хуулиа зургаан бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласан юм.

Цаг хугацааны хувьд авч үзвэл 15-30 жилийн зайтай олон нийтийн дунд санал асуулга явуулан хуулиа өөрчилсөн байдаг.

1991 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний өдөр ард нийтийн санал асуулга явуулсан байна. Үүнд 7,000 гаруй байгууллага, 9,000 гаруй иргэн оролцож, тэднээс 200,000 гаруй санал ирүүлсэн томоохон хэлэлцүүлэг болсон" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засаг 13 дахин өссөн ч иргэдийн амьдрал хэвээр байна. Нөгөө талдаа орлогын тэгш бус байдал нэмэгдсэн.

Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэхүү баялгаасаа ард иргэд зүй ёсоор хүртэж чадаж байгаа эсэх асуудал өнөөдөр сөхөгдөж байна. Баялгийг зохистой ашиглах талаар олон удаа ярьсан боловч өнөөдрийг хүртэл бодитой шийдэл гаргаж чадаагүй.

Түүнчлэн сүүлийн 30 жилийн хугацаанд засаглал нь тогтворгүй, олон сайд томилогдож, яг галзуу хулгана дээр суусан юм шиг болж өнгөрлөө.

Бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж чадсан хоёр Ерөнхий сайд байгаа. Бусад Засгийн газрын үйл ажиллагаа дундаа тасалдсан.

Үүнээс болж сахилга хариуцлагагүй байдал төрийн албаны бүх шатанд нүүрлэсэн. Тэд удахгүй юм чинь гэж бодон ажилдаа хариуцлагагүй ханддаг.

Төрийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруул, улс төрийн намуудын санхүүжилтийг ил болго гэсэн асуудлууд их яригдах болсон. Өнөөдөр төрийн өмчит компанийн "Хурган дарга"-ын гэрээс хэдэн төгрөг олдсоныг та бүхэн харж байгаа. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд дэг журамтай, эрх чөлөөнөөс илүү үүрэг хариуцлагатай байхыг өнгөрсөн түүх сургамж болголоо.

Улаанбаатар хотод 586,000 иргэн байхад тавдугаар ДЦС болон бусад асуудлыг ярьж байсан. Харамсалтай нь энэ асуудлаа шийдээгүй үлдээсэн. Үүний улмаас эрчим хүчний хомсдолд орж, дэд бүтцийн асуудал, түгжрэл бий болоод байна.

2022 онд манай улсын эдийн засгийн ДНБ 44 их наяд төгрөг бол гадаад өрийн хэмжээ 96 их наяд төгрөг байна. Улсын төсвөөсөө 4-5 дахин их гадаад өртэй болсон гэсэн үг. Өр тавих нь буруу зүйл биш ч зарцуулалт нь зөв байх ёстой.

Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн арван хувийнх нь зарцуулалт хэвийн бол 90 хувь тухайн зээлийг өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон.

Түүнчлэн Төрийн ордны гадна талд байгаа өндөр оффист томоохон банкны эзэд цугларч, бусдыгаа дуудаж хурал хийдэг түвшинд очсон байна.

Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна. Цаашлаад төмөр зам, газрын албанд гардаг асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унахад манай улсад ид шидтэн байгаад ч нэмэргүй. Тиймээс бид энэ бүтцийг өөрчлөхгүй бол чөтгөрийн тойрогтоо амьдарсаар л байх болно" гэж ярилаа.

Б.Жавхлан: Манай улс 2022 онд өмнө хүрч байгаагүй буюу $12.5 тэрбумын экспорт хийж чадлаа
Б.Жавхлан: Манай улс 2022 онд өмнө хүрч байгаагүй буюу $12.5 тэрбумын экспорт хийж чадлаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.