УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос бэлэн 7 тэрбум төгрөг, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан. Улмаар хорих 461-р ангид нэг сарын хугацаатай хоригдож байгаа юм.
Тэгвэл эл хэрэгт холбогдуулаад УБТЗ-тай холбоотой авлига, хээл хахуулийн хэргүүд ил болсоор байгаа. Босоо удирдлагатай уг компанид С.Батдөл гэх хүн ганцаараа энэ мэт хэргийг үйлдэх боломжгүй гэх хардлага төрөөд байгаа юм.
Тэгвэл УБТЗ ХНН-ын дарга Х.Хэрлэнгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Түүний жилийн нийт орлого 2020 онд 1,4 тэрбум байсан бол 2021 онд 92 сая 740 мянган төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.
Орон сууц барилга байгууламжийн тухайд 2 тэрбум 592 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц, авто зогсоолтой аж.
Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 2020 онд 25 сая байсан бол 2021 онд 92 сая болон өсжээ. Тээврийн хэрэгслийн тухайд 310 саяар үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр Land Rover автомашинтай бол 425 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй юм байна.
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжийн тухайд 1,1 тэрбум бол Эрдэнэс таван толгой ХК, Герман цонх ХХК, Эйч Ти Эм компаниудаас 50-100 хувийн ногдол ашиг хүртдэг ажээ.