Монгол Улс өнгөрсөн онд дэлхийн 161 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Энэ нь 2021 оноос 32.1 хувиар өссөн үзүүлэлт болов. Экспортын дүн импортынхоос 3.8 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг буюу ашигтай гарсан байна. Мөн өнгөрсөн онд түр боомтуудаар 49.7 сая ам.долларын худалдаа хийгдсэн нь нийт бараа эргэлтийн 3.5 хувийг эзэлж байна.
Экспортод 12.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өмнөх онтой нь харьцуулахад 35.7 хувиар өссөн байгаа юм. Харин импортоор нийт 8.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 онтой харьцуулахад 1.9 тэрбум ам.доллароор буюу 27.2 хувиар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний экспортын 82.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.
Үүнийг 2021 онтой харьцуулахад чулуун нүүрсний экспорт 16 сая тонноор, үнийн дүн нь 3.7 тэрбум ам.доллароор, хилийн дундаж үнэ нь 29.1 ам.доллароор тус тус өсжээ. Мөн өнгөрсөн онд чулуун нүүрсний 92.4 хувийг БНХАУ руу гаргажээ.
Мөн 2021 онтой харьцуулахад 2022 онд зэсийн баяжмалын экспорт 170.8 мянган тонноор өсөж, үнийн дүн нь 165 сая ам.доллароор, хилийн дундаж үнэ нь 379.2 ам.доллароор тус тус буурчээ.
Монгол Улс өнгөрсөн онд 72 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 84.3 хувь, Швейцарт 8.2 хувь, Сингапурт 2.8 хувь, БНСУ-д 2.2 хувь тус тус ногдож нийт экспортын 97.4 хувийг уг орнууд эзэлж байна.