Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Монгол Улсын харцага О.Бахыт одоогоос 22 жилийн өмнө “Өдрийн сонин”-ы нийтлэлч П.Хашчулуунтай ярилцахдаа “Аймгаас минь улсын начин төрвөл онгоц өгсөн ч яадаг юм...” хэмээсэн нь сонины шарласан хуудсанд үлджээ. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Б.Серик долоо давж улсын заан цолны болзол хангасан юм. Тэрбээр нисдэг тэрэгний өмнө зургаа даруулж нийгмийн сүлжээнд байршуулсан нь олны анхаарал татлаа. Тодруулбал, “Өлгийнхөн шинэ цолтноо нисдэг тэргээр мялаажээ” гээд л дээр дооргүй шуугьж байгаа юм.
Улсын заан Б.Серикийн ах Б.Таланттай холбогдож ярилцлаа.
Таны дүү түүхт ойн жилээр амжилттай барилдаж улсын заан цол хүртсэн. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Дүү минь төрийн наадамдаа түмнээ цэнгүүлж сайхан барилдлаа. Монгол Улсын заан цолны болзол хангаж Өлгий нутгийн зон олныхоо магнайг нь хагартал баярлууллаа. Сайхан дүүгээрээ бахархаж л сууна.
Дүүтэйгээ баярыг нь хуваалцсан байх...
Тэгэлгүй яах вэ. Санасан даа хүртэл сайхан барилдсан талаараа хэлж байна лээ.
Баяр наадмын үеэр дүүгийнхээ барилдааныг нүд салгалгүй харав уу.
Дэлгэцийнхээ өмнө догдлоод л харж байлаа. Бэлтгэл нь сайхан таарсан байсан л даа. Дээшээ шөвгийн даваанд гарч барилдах болов уу гэж таамаглаж байсан минь зөрөөгүй. Үеийн цолтнуудтайгаа сайхан барилдаж том цол хүртсэнд их баярласан шүү. Чухал даваанд гарахад нь өндөлзөөд тухтай сууж ч чадахгүй. Амар биш байлаа. Дүү минь том цол хүртсэнд нь их баяртай байгаа. Олон жилийн хөлс хөдөлмөрийн үр шимж нь сая наадмаар гарлаа.
-Шинэ заан наадмаас хойш хэд хэдэн наадамд барилдаж байна лээ.
-Миний дүү Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өссөн юм. Наадмын дараа Шарын гол сумынхаа ойн баяр наадамд зорьж очиж барилдаад түрүүлсэн. Шинэ цолоороо дуудуулахаар яарсан байх. Улсын наадмаар тийм хүнд барилдаанууд хийчихээд л амрах ч үгүй сумын наадамд яваад өгсөн. Биеэ амраах завгүй л яваад өгнө лээ. Өссөн нутгийн зон олонтойгоо баяраа хуваалцахаар яарсан нь тэр байх. Дараа нь Баянхонгор аймгийн 80, 81 жилийн ойн их баяр наадамд зодоглож үзүүрлэж байна лээ. Хаа газрын наадамд улсын цолтой бөх очиход наадамчдад таатай сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ.
-Баян-Өлгийн домогт бөх улсын харцага О.Бахыт “Нутгаас минь улсын начин төрвөл онгоц өгсөн ч яадаг юм” гэж одоогоос 22 жилийн өмнө хэлсэн нь сонины шарласан хуудсанд үлджээ. Саяхан Б.Серик заан нисдэг тэрэгний өмнө зургаа даруулж цахим сүлжээнд байршуулсан байх юм. Шинэ заанаа Өлгийн зон олон нисдэг тэргээр мялааж гэх мэдээлэл ч зарим мэдээллийн сайтуудаар явж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
Харин тийм мэдээлэл цахимд явж байна лээ. Хүмүүс ч шинэ заанаа нисдэг тэргээр мялааж гээд л ярилцаж байгааг нь харсан. Б.Серик одоо Өмнөговь аймагт амарч яваа юм. Тэр үеэрээ маазраад л нисдэг тэрэгний өмнө зургаа даруулаад цахимд байршуулсан юмуу даа. Сүлжээ тааруу газар яваа болохоор холбогдоод тухтай ярьж ч амжихгүй байна. Гадуур яриад байгаа шиг нисдэг тэрэг бэлгэнд авсан асуудал байхгүй шүү. Хүн амьтан буруу зөрүү ойлгох вий гэж санаа зовох юм” гэв. Улсын заан Б.Серик Өмнөговь аймгийн Гурвантэс суманд амарч яваа аж. Баян-Өлгий аймаг улсын шинэ цолтноо есдүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэнэ. Бусад аймгуудын тухайд ч улсын шинэ цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлээгүй байна. Энэ нь допингийн шинжилгээний хариу ирэхгүй удаж байгаатай холбоотойг бөхийн хүрээнийхэн хэлж байгаа юм. Наймдугаар сарын дундуур л бөхчүүд мялаалгын наадмаа хийх бололтой. Допингийн шинжилгээний хариу ирэх долоо хоногт ирэх талаар эх сурвалж хэлж байна.