Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 35 секунд

Б.Мөнхбаатар: Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн хугацаанд газартай холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газраас Хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. УИХ-аас энэ хуулийг Газрын багц хуультай уялдуулахаар шийдсэн. Хүний нүдэнд ил харагддаггүй ч газартай хамгийн их холбоотой байдаг Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих гэж байна.

Энэ хууль 1997 онд батлагдсан. Одоо мөрдөж байгаа хууль гурван бүлэг, 15 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар зургаан бүлэг, 34 заалттай болж нарийссан.

Геодези бол улс орны хөгжлийн үндсэн суурь юм. Геодезийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг.

Тухайлбал, Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодезийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Эдгээр цэг тэмдэг байхгүй болсноор хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тухайлбал, өндөржилтийн цэг байхгүй болсноор тухай төсөлд хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд газрын урууг харж барилгаа өндөр барьснаас үүдэн ус зайлуулах хоолой нь авто зам болж хувирсан.

Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсэж байгаа юм. Шинэчилсэн хуулиар мэдээллийн санг нэгтгэж байгаа. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой болох юм.

Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь болох юм” гэлээ.

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц МАН-ын хэлтэс, тасаг шиг ажиллаж байна
Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц МАН-ын хэлтэс, тасаг шиг ажиллаж байна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.