Сээрний яс цохисны улмаас гар, сарвуугаа гэмтээх тохиолдол ихсэж байгааг Гэмтэл Согог, Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс сэрэмжлүүллээ.
Энэ талаар ГССҮТ-ийн Гар, сарвуу нөхөн сэргээх, бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжидаас тодруулж, зөвлөгөө мэдээлэл авав.
Тэрбээр "Сээр цохих нь өв уламжлал гэж монголчууд ярьдаг. Гэхдээ манай ГССҮТ-ийн гар сарвууны тасагт сээр цохисон шалтгаантай гэмтэл өвлийн цагт буюу идэшний дараах үед ихсэх хандлагатай байдаг.
Ясыг ясаар цохидог тул аль нэг яс хугарна. Сээрний яс хугарах үед хүмүүс хөөрч баясаж болох ч цохисон хүний яс хугарахад хохирол үүсээд байгаа юм. Эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засаг гэх мэт бүхий л талаасаа том хохирол үүсдэг. Тиймээс энэ талыг хүмүүс бодолцож, шаардлагатай эсэхийг тооцон өөртөө болон бусдад анхаарал тавих хэрэгтэй. Эмч хүний хувьд, энэ хэлбэрийн гэмтэл аль болох цөөхөн гараасай гэж хүсэн, сэрэмжлүүлж байна.
Сүүлийн үед сээр цохиж, гараа гэмтээсэн хүмүүс нас, хүйс ялгаагүй болж байна. Өмнө нь голдуу эрчүүд ирдэг байсан бол одоо эмэгтэйчүүд, хүүхдүүд ч ирдэг боллоо.
Зөвхөн яс хугараад байна гэвэл бас үгүй. Зөөлөн эдэд мөн том хэмжээний гэмтэл үүсгэдэг. Гарын булчин болоод шөрмөс, мэдрэлийн багцад хүртэл гэмтэл үүсгэж байна. Яс хугарсан тохиолдолд хагалгаа хийгээд эдгэж болох ч зөөлөн эдийн гэмтэл нэлээд удаан эдгэрдэг, цаашлаад хордлого, хүндрэл гарах магадлал өндөр.
Манай гар, сарвууны тасагт энгийн үед өдөр бүр 20-30 хагалгаа хийгддэг. Тухайлбал, арваннэгдүгээр сар гэхэд сээр цохисноос үүдэлтэй хагалгаа дунджаар 10 хийгдсэн.
Хүлээн авах, амбулаториор үзүүлээд явж байгаа хүмүүсээс мэс заслын шаардлагатай хүмүүс л ГССҮТ-д хэвтэж байна. Нэмж хэлэхэд сээр цохисноор яг ямар ач холбогдолтойг хүмүүс сайн бодоосой. Ач холбогдолгүй зүйл дээр өөрсдийгөө гэмтээхээ болиосой л гэж хүсэж байна" гэв.
Хатуу зүйлийг хатуу зүйлээр цохиход яс нь зөрүү ихтэй, мушгирсан, хүнд хэлбэрээр хугардаг байна. Ийм тохиолдолд голчлон хагалгаа хийх шаардлагатай болдог гэдгийг тэрбээр мөн хэлсэн. Нөгөө талаас зөөлөн эдийн шөрмөс, мэдрэл, булчин, судас зэрэгт гэмтэл үүсэхэд хаван хавдар үүсээд, эсвэл жижиг хэмжээний судас тасарсны улмаас шингэн хуримтлагдаад тэжээлт орчин буюу бактери үржих боломж бүрддэг аж.
Түүнчлэн тасгийн эрхлэгч Л.Нанжид "Манайхан их хэнэггүй талдаа. Хар цайнд дүрээд явж байтал болно доо гэдэг. Гэтэл хүндрэл үүсээд хордлого өгч, зүслэг хийсэн ч эмчилгээний явц удаашраад ирвэл тайрахаас өөр аргагүйд хүрдэг.Тэр байтугай амь насаа алдаж байсан тохиолдол ч бий" гэв.