Гэр хорооллын нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалдаж ирсэн. Тэгвэл ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор гэр хорооллын түлшний цэгүүдэд Даваа гаригаас буюу өнөөдрөөс эхлэн долоо болгож, нэг шуудай түлш нэмж олгож байна.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад тэрбээр "Шахмал түлшний өөрийнх нь өртөг борлуулж байгаа үнээсээ өндөр байдаг. 800 гаруй км холоос зөөж авчирдаг. Илүү хэрэглүүлэхгүйгээр айл өрхүүдийн шаардагдах хэмжээнд нь нийлүүлж байгаа гэсэн үг. Долоо болгож нэмэгдүүлсэн нь хүйтрэлттэй холбоотой. Иргэд хэрэглээнийхээ хэрээр л худалдан авч байгаа, дууслаа гэхэд маргааш нь очоод л авах боломжтой.
Утаа буурахгүй байгаа нь үнэн. Миний хувьд иргэдээ дааруулахгүй байх гэсэн зорилтыг тавьж ажиллаж байна. Даарч болохгүй. Даараад утаатай байвал бүр хэцүү.
Шахмал түлшний үйлдвэрийн явцад технологийн алдаа гараагүй.Шахмал түлшийг гүйцэт хатаахгүйгээр огт гаргахгүй байгаа. Шахмал түлшний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Мөн өмнөх жилүүдээс илүүтэй хүйтэн өвөл болж байна. Утаа буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь салхи багатай байна. Яг үнэндээ салхитай байхад утаа багасдаг нь үнэн. Энэ жилийн тухайд утааг бууруулах боломжгүй, амжихгүй. харин ирэх өвлийг утаагүй давахын тулд тодорхой шийдэл, гарцыг одоогоор ярьж байна" гэлээ.